Monday 12 November 2007

Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1878-1919

1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна.
XX зуун Манж чин улсын хоцрогдсон бөглүү хязгаарын нэг байсан Азийн цээжинд орших эртний түүхт Монгол нутгийн хаалгыг дэлдлээ. Шинэ зуун монголчуудад шинэ эрин, сэргэн мандах хувь заяаны түлхүүрийг атгуулж өгсөн юм. 1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна. Ингэж шинэ тулгар улсаа сэргээн мандуулах, улс төр, нийгэм-эдийн засгийн шинэтгэлийг түүчээлэн хөтлөх амаргүй үүрэг, хариуцлага Чингисийн удамт сайхь зүтгэлтэнд оногджээ.
Тэрээр XV жарны шар барс жил буюу 1878 онд алтан ургийн сурвалжит Сайн ноён Төгс-Очирын хоёр дахь хөвүүн болон мэндэлсэн байна.

Төгс-Очир ноёнтон хүү Намнансүрэнгээ багын цовоо цолгиун, оюун төгс чанарыг нь таашааж, Манжийн хаанд хошуу засаг залгах, голомт сахих хөвгүүн болохыг өргөн мэдүүлжээ. Тэр цагаас монголын удамт талын язгууртны уламжлал ёсоор Намнансүрэн хөвгүүнд тусгай багш гарган, номоор төрийг засах, төрийн хэргийг ёсчлон гүйцэтгэх, ард олноо ачлах, баалах эрдэм ухаанд сургаж эхэлсэн байна. Тэрээр монгол бичигт нэвтэрч, манж, хятад хэл сурчээ. Түүх шаштир судлан, улс төрийн бодлогын ээдрээ нугачааг эргэцүүлэх болов. Түүний багш Чимиддорждоной хэмээх түшмэл монгол хар ухаантай, хашир нэгэн байсан тул ард Доодсын амьдрал, монгол ахуйг мэдрүүлж ухааруулахыг хойш тавьсангүй. Үүний ачаар Намнансүрэнд эгэл агаад хүмүүнлэг, ардыг ачлах ухамсар төлөвшсөн юм.

Тэрээр 1896 онд эцэг Төгс-Очирыг насан элсний дараа хошуу засаг залгамжлав. Мөн Сайн ноён цол, Чин вангийн хэргэмийг уламжлан авчээ. Тэр үед Намнансүрэн эр төөлөх насанд хүрч байсан боловч, угийн ухаан төгөлдөрийн ачаар төрийг албыг түгдрэлгүй залгуулж эхэлжээ. Түүний нотолгоо нь удалгүй аймгийн чуулган даргаар томилогдсон явдал юм. Тэрээр харийн эрхшээлд санаснаа хэрэгжүүлэх боломжгүйг улам бүр мэдрэх болов. Гал, усны гашуун зовлонд автсан зон олноо хараад цөс доргин зүрх шимширч байлаа.

Сайн ноён хан Намнансүрэн Манжийн "Шинэ засгийн бодлого" гэгчийг бүр эхнээс нь эсэргүүцэж, Чин ван Ханддорж нарын тусгаар тогтнох үйл хэргийг боломжтой бүх аргаар дэмжиж байв.

1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноёд ихэс, том лам нарын нууц хуралдаан Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын санаачилга, удирдлагаар болоход Сайн ноён идэвхтэй оролцож, Монгол тусгаар улс болох үйл хэргийг бүрэн дэмжиж байлаа. Ийм учраас Ханддорж нар Хаант Оросоос тусламж эрэхээр зорихдоо авч явсан Богд гэгээн, Халхын 4 хан нарын бичигт Т.Намнансүрэн гарын үсэг зурсан юм.

1911 оны үндэсний хувьсгал яллаа. Эл үйл хэрэгт Т.Намнансүрэнгийн гавъяа зүтгэлийг үнэлж, Богд хаан нэгэн зарлигтаа: "Сайн ноён Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, шадар сайд болгогтун" (14.125) гэжээ. Удалгүй хэдэн сарын дараа Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсоныг өмнө өгүүлсэн билээ.

Т.Намнансүрэн тун хариуцлагатай албанд тохоон томилогдсондоо сэтгэл зовингуйравч, улс Монголынхоо төлөө бүхнээ зориулахаар зориг шулуудан, ухаан бодлоо чиглүүлэн зүтгэж эхэлжээ. Эн тэргүүнд тулгамдсан зорилт бол тусгаар тогтнолоо хоёр их хөрш, цаашилбал олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх явдал байв. Иймээс хойд их хөрштэйгээ найрсаг харилцаа хөгжүүлэх чиг баримталж, 1912 оны XI сарын 2-нд Монгол, Орос хоёр улсын найрамд-лын гэрээ, 1913 оны II сарын 3-нд Монгол, Орос хоёр улсын хэлэлцээр байгуулж, гарын үсэг зуржээ.

1912-1913 оны заагаар Гадаад явдлын яамны тэргүүн сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Хаанд Орос улсад илгээж, дэлхийн олон улс гүрэнд нот явуулсан боловч, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлаар нааштай хариу сонссонгүй. 1913 оны X сард Ерөнхий сайд Намнансүрэн өөрөө төлөөлөгч тэргүүлэн Хаант Оросыг зорив. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засагт ван Удай, Гадаад яамны дэд сайд, хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны дэд сайд, бэйс Чимиддорж, Да лам Пунцагдорж, эрдэмтэн Жамсран-гийн Цэвээн зэрэг 28 хүн орсон байна.

Төлөөлөгчдийн улс төрийн гол зорилт бол Барга, Өвөр Монгол, Хөх нуурын зэрэг монгол туургатныг нэгтгэсэн Монгол улс байгуулахыг Хаант Оросоор хүлээн зөвшөө-рүүлэх, дэмжүүлэх явдал байлаа. Энэ нь амаргүй хэрэг байв. Учир нь 1913 онд Орос, Хятадын Бээжингийн тунхаглал гарч, Монголыг Хятадын эзэн харъяаны автономит улс гэж Монголын оролцоогүй шийдсэн байсан юм. Мөн төлөөлөгч-дийн ажил хэрэгт Хаант Орос улсаас санхүүгийн дэмжлэг авах, Оросын нийслэлд Монгол улсын элчин консулын газар байгуулах зэрэг дагалдах асуудлууд оржээ.

Хаант Орос улс Монгол улсын Ерөнхий сайдыг найр тавин, ёслол төгөлдөр угтан авсан юм. Сайн ноён хан ТНамнансүрэн Хаант Орост 3 сар шахам байх хугацаандаа Хаант Оросын Сайд нарын Зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзсаны дээр II Николай хаан түүнийг хоёр ч удаа хүлээн авч ярилцсан нь Монголын асуудалд зохих ач холбогдол өгч, анхааралтай хандаж байсны илрэл юм.

Шинэ тулгар Монгол улсын Ерөнхий сайд ч Оросын Их эзэн хаанд дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, хөлд нь суух бодлого баримталсан юм. Тэрээр II Николай хаан болон Оросын бусад эрх баригчдад улсынхаа төрийн дээд шагнал
"Эрдэнийн Очир" одонг гардуулж, хадагны дээдийг дашлуу-лан барьж, үндэсний өвөрмөц хийцтэй үнэт бэлэг сэлт өргөн барьсан бөлгөө. Үүний ялдар Сайн ноён хан Хаант Оросын талд хандаж, "Эрхэм улс манай Монгол улс байгуулагдсаныг Хятадад хүлээлгэн, гурван этгээдээр хамт нийлэн хэлэл-цүүлсүгэй. Гагцхүү солилцсон бичигт манай язгуурын нутаг газрыг Хятадын хэмээсэн ба нэг үндэсний Өвөр Монгол ба эдүгээ дагаар орсон олон монголчуудыг хамаагүй болгосон эл хоёр зүйлийг хэрхэвч хүлээж чадахгүй" гэж зориг төгөлдөр мэдэгджээ. Энэ нь 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн хэрэг байлаа. Оросын эрх баригчид эл асуудалд нааштай хариу өгөхгүй цааргалж, булзааруулсаар байсан юм. Ийм нөхцөлд Т.Намнансүрэн өөр арга сүвэгчлэн Петербургт сууж байсан Англи, Америк, Япон, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри, Хятад зэрэг арван улсын элчин сайдад Монголын тусгаар тогтнолын асуудлаар нот явуулав. Хятадаас бусад нь нотыг хүлээн авсан юм. Гэхдээ Хаант Оросын Гадаад яамны явуулгын улмаас уг нотод хариу авах асуудал унтарчээ.

Улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүйгээс болоод эдийн засаг, дипломатын хэрэг ч явцгүй болж байв. Петербургт Монголын элчин консулын газар нээж, хичээнгүй гүн Б.Цэрэндоржийг үлдээх асуудал шийдэгдсэнгүй. Монгол оронд шинэтгэл хийхийн тулд Хаант Оросоос хүссэн санхүүгийн дэмжлэг ч улс төрийн асуудлаас болж эцэслэн шийдэг-дэхгүй байв. Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросын эрх баригчидтай уулзах бүртээ: "...Манай улс тулгар төрийг сая нээсэн бөгөөд санхүүгийн зүйл арвитгагдаагүй, аливаа дутагдах зүйл үлэмж тул урьдын зээлэх хэмээсэн мөнгө ба улсын банкны явдлыгтүргэлэн гүйцэтгэх ажаамуу" (15.114) хэмээн хүссээр байлаа. Оросын эрх баригчид баахан цааргалсны эцэст "Монгол дахь манай нийт байр суурийн үүднээс үзвэл, Сайн ноёныг гар хоосон буцаалгүй дэмжих явдал тун чухал байна" гэж үзжээ. Чингээд Хаант Орос улс Монголд 3 сая рублийг 30 жилийн хугацаагаар зээлдүүлэх болов. Энэ нь бас Сайн ноён хан уг асуудалд ухаан сийлж, ултай хандсаны үр дүн байлаа. Гэвч Хаант Оросын Засгийн газар уг зээллэгийн зарцуулалтад хяналт тавих төлөөний түшмэлийг Их хүрээнд суулгах болзол тавьжээ. Эл саналыг Намнансүрэн хүлээж авалгүй татгалзжээ. Ерөнхий сайд уг санал Монгол улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг гэж үзэхийн хамт Да лам Цэрэнчимэд зэрэг сайдууд Хаант Оросоос зөвлөх өгч магадгүй, тийм тохиолдолд түүнийг огт хүлээж авч болохгүй гэж хэлснийг дотроо эргэцүүлэн санас-ных байжээ. Гэвч Оросын тал Намнансүрэнг Монголын бүрэн эрхт төлөөлөгч гэж үл итгэх, тэр ч байтугай зээл өгөхөө цуцлах хүртэл алхам хийх янзтай байсан тул арга буюу 1913 оны XII сарын 25-нд "Монгол улсын Богд эзэн хааны Засгийн хэрэг шийтгэх газраас Орос улсын харъяат Сергей Андреевич Козинтой хэлэлцэн тогтоосон гэрээ бичгийн зүйл" гэгчид гарын үсэг зурсан байна. Эл бичигт: "...Монгол улсын засгийн аливаа хэргийг зохион байгуулах ба улсын хөрөнгийг захирах хэрэгт зөвлөх түшмэл болгохоос гадна бас улсын засгийн хэргийг шинэтгэн засах дүрэм хэмжээг зохиолгоно" (16) гэж зөвлөх түшмэлийн үндсэн үүргийг тодорхойлохдоо "Засгийн хэргийг шинэтгэн засах" үүргийг онцлон тэмдэглэжээ. Мөн бага сага буу, зэвсгийн тусламж өгөх болсон байна.

II Николай хаан Т.Намнансүрэнг хүлээж авч уулзахдаа: "Битанай Монголд тусал гэж Засгийн газартаа заавал хэлнэ. Харин та нар их улс болох гэж битгий яар. Гурван улсын хэлэлцээрийн үед ч Оросын төлөөлөгчид танайд ашигтай бодлого баримтлана" гэсэн амлалт өгчээ. Т.Намнансүрэн Монгол туургатныг нэгтгэсэн улс байгуулах хэргийг Хаант Оросоор зөвшөөрүүлэх гэж хичээнгүйлэн зүтгэсэн боловч талаар өнгөрсөнд тун ч дурамжхан байлаа. Тэрээр: "Гагцхүү бидний Монгол анхан цагаас Оросын хамгаалалд түшсэн учир өчнөөн гурван жил болсон ч бусад улсад горилон одсонгүй, Дэмий л итгэж явсаар санамсаргүй Хятад лугаа хуйвалдан эзэрхэж гэрээ байгуулжээ. Чонын амнаас дутааж, барсын аманд орж хоёр улсад хэмх мэт хуваагдах нь илэрхий" гэж хэлсэн байна. Зүсэгдсэн мах эдгэрэн аньж, хугарсан яс бороолдог жамтай. Харин олон жижиг хуваагдсан хэмх эргэж эвлэхэд бэрх ажээ. Монголчууд дэлхий дахинд эдүгээ бутарсан хэмх мэт энд тэндтархжээ. ГэхдээТ.Намнансүрэн мэтийн ухаалаг зүтгэлтнүүдийн хичээл зүтгэлийн ачаар тэр цагт Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэх явдлыг Хаант Оросоор зөвшөөрүүлсэн нь маргашгүй том амжилт байлаа.

Т.Намнансүрэн Хаант Орост байх хугацаандаа улс орноо шинэтгэн өөрчлөхөд үлгэр дууриал болох бүхнийг соргогоор ажиглаж, цөлх ухаандаа эргэцүүлэн бодож байлаа. Тэрбээр Петербургт байхдаа мал эмнэлгийн сургууль, үйлдвэр, халуун цагт мах хадгалах зоорь, үхэр бууны цэргийн сургууль, орд харш зэргийг үзсэн нь түүний улс орноо шинэтгэх үзэл бодолд зул нэмсэн хэрэг болов. Сайн ноён хан бас хотын дарга, худалдаа үйлдвэрийн ажил хэрэгч хүмүүстэй уулзан, Оросын худалдаанаас гааль авах бодлоготой байгаагаа мэдэгдэн, энэ арга хэмжээг дэмжихийг тэдэнд уриалжээ.
Ерөнхий сайд Намнансүрэн буцахдаа замдаа Эрхүүгээр дайрч, тэнд сурч байсан монгол сурагчдын сурлага, аж байдалтай танилцан, хүүхэд бүрийн 15 рублиэр шагнаж урамшуулсан нь Монгол улс өөдлөн дэгжихэд боловсрол чухал хэрэгтэйг үнэлж, өсвөр залуу үеийнхний төлөө онцгой анхаарал тавьж байсны нотолгоо юм.

Монголын тусгаар тогтнолыг олон улсад зөвшөөрүүлэх талаар Хаант Оросоос дэмжлэг авах хэрэг бүтэлгүй тийшээ хандах болсны улмаас Т.Намнансүрэн өөр ямар нэг хүчирхэг улсын дэмжлэг авах арга зам сүвэгчилж, ажил хэрэг болгох гэж хөөцөлдөж байсан юм. Тэрээр Нийслэл Хүрээнд ирсэн Кодама гэгч япон хүнтэй 1913 оны IX сарын 20-нд уулзахдаа Хиагтын 3 улсын хэлэлцээр болох гэж байгаа тухай дурдаад, Япон улс дөрөв дэх орон болж гэрээ хэлэлцээрт оролцох боломж бий эсэх тухай лавлаж байв. Мөн Япон улсын эзэн хаанд Монголын тусгаар тогтнолын асуудлаар хоёр ч удаа хандаж байсан, Да лам Цэрэнчимэдийг 1914 онд Японд илгээх оролдлого хийсэн зэрэг нь Ерөнхий сайд Намнан-сүрэнгийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан юм.

Японы эрдэмтэн Тацуо Наками "Тусгаар тогтносон Монгол ба империалист гүрнүүд" хэмээх өгүүлэлдээ: "Намнансүрэн Богд хааны бичгийг Японы эзэн хаанд явуулж өгөөч гэж гуйсан байна. Тэрхүү бичигт Японы эзэн хаанаас дипломат харнлцаа тогтооё, бүх монголчуудаа нэгтгэе, туслаач гэж хүсэлт тавьсан байна. Орос улс тийш нь илгээсэн бичигтээ Монгол, Японоос хамааралтай байх дургүй, Япон бол 1912 оны нууц хэлэлцээрийнхээ үзэл санааг дэмждэг гэж бичсэн учраас Японы тал тэрхүү бичгийг задалж уншилгүй Монгол руу буцаасан" (17.2) гэжээ.

1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын хэлэлцээрт Намнансүрэн шууд оролцоогүй боловч, Ерөнхий сайдын хувьд хэлэлцээрийн явцтай байнга танилцаж, удирдамж, чиглэл өгч байлаа.
Автономит улс болсны дараа Ерөнхий сайд Т.Намнан-сүрэнгийн үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон хэдий ч Дундад Иргэн Улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадахын хирээр оролдож байв. Тухайлбал, Хятадын Ерөнхийлөгчөөс Богд хаанд алтан навчит өргөмжлөл олгож, Монголын автономитийг улам баталгаа-жуулах гэснийг янз бүрийн арга саам хийж, 1916 оныг бараг дуустал хойшлуулж байв.

Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар улс орны дотоод амьдралыг өөд татах талаар чамгүй зүйл санаж сэдэж байсан юм. Олон улсын парламен-таризмын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд байгуулжээ. Төрийн ёс, ёслолыг үндэсний хэлбэртэй болгож цэгцлэн, төр, засгийн байгууллагын бүх тамга, тэмдэг, төрийн сүлд, тугийг тусгаар тогтнолын билэгдэл болгосон алтан соёмбо бүхий зохион буй болгож, төрийн дээд шагнал, дэд, гутгаар зэрэглэлтэй "Эрдэнийн очир" одонг тус тус шинээр буй болгожээ. Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Үндсэн хуулийн төсөл боловсруулж байв Мөн улсын хууль зохиох комиссыг томилон ажил-луулж 1915-1918оны хооронд 65дэвтэр бүхий "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг" хэмээх хуулийг боловсруулжээ.

Тэрээр байнгын цэрэг бий болгох, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх хэрэгт томоохон хувь нэмэр оруулж байв. Түүний зэвсэгт хүчин байгуулахад оруулсан нэг томоохон хувь нэмэр бол 1913 оны II сарын 3-нд Орос улсын Засгийн газартай монгол цэргийг бэлтгэн сургах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан явдал юм. Т.Намнансүрэн Хаант Орост айлчлахдаа нилээд шаргуу хөөцөлдсөний үрээр их буу 6, пулемёт 4, винтов 2 түмийг худалдан авч байв. Мөн Ерөнхий сайдын шууд оролцоо, чармайлтаар 1913 онд Германаас 1000 буу, их буу, пулемёт тус бүр тавыг авсан мэдээ буй. Үүнийг батлах нэг мэдээ олдож буй бөгөөд Хятад дахь Англи, Америкийн тамхины пүүсийн төлөөлөгч Т.А.Рустад "Таймс" сонины сурвалжлагч Моррисонд бичсэн захидалдаа: "Манжуураас зэвсгийн наймаачин нэг герман хүн ирж 10000 буу зарсан" (18.50) гэж мэдээлжээ.

Тэрээр 1915 оны IX сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажиллаж байжээ.
Ерөнхий сайд Намнансүрэн Хаант Оросоос буцаж ирмэгц улс орондоо шинэтгэл хийх ажлыг эрчимжүүлэх бодлого баримталсан юм. Түүний тэргүүлсэн Засгийн газар улс орныхоо байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхийг нарийн тооцож судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал юм гэж үзсэн байна. Ийм учраас Ерөнхий сайдын даалгавраар Козин, Витте, Лисовкий нартай хамт монгол түшмэдүүд тус улсын геологи, хөрс, ургамал, ус, зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгаа явуулах экспедицийн хөтөлбөр боловсруулжээ.
Монгол улсын Засгийн газраас 1915 оны I сард "Монголд хайгуул шинжилгээ явуулах дүрэм"-ийг зөвшөөрөн сайшааж, Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо байгуулсан юм. 1914-1946 онд шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо байгуулах, улсын орлого, зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гааль хураах тухай дүрэм боловсруулах, цай худалдаалах, мөнгөний ханш тогтоох, мөнгө хүүллийн эсрэг тэмцэх зэрэг төслүүдийг боловсруулж, тэдгээрийг Улсын дээд, доод хуралд оруулан хэлэлцүүлжээ. Эл хэрэгт Засгийн газар болон Улсын дээд хурлыг тэргүүлж байсан Т.Намнансүрэн багагүй үүрэг гүй-цэтгэж, нийгэм-эдийн засгийн шинэтгэл явуулах эх суурийг тавьсан гэж хэлж болох юм. Түүний тэргүүлсэн Засгийн газар улсын төсөв, гааль, татварыг цэгцлэн цөөн хэрэглэгч бүхий телефон утас, бага оврын цахилгаан станц зэрэг жижиг үйлдвэрийг байгуулж, үндэсний банк, авто өртөө бий болгох, төмөр зам тавих ажлыг хөөцөлдөж байв.

Ерөнхий сайд Т.Намнансүрэн Тазар бол улсын үндэс" гэж үзэж ирсэн Монгол төрийн уламжлалыг чанд баримталж ирсэн билээ. Түүний даалгавраар Жамсрангийн Цэвээний боловсруулсан "Улсын эрх" хэмээх Үндсэн хуулийн төслийн шинжтэй баримт бичигт: "Улс хэмээгч олон хүн нар нийлж нэгэн газар оршин өөрөө захирагдаж, бусдын эрхийг үл дагах, дотоод, гадаад их, бага хэргийг цөм өөртөө эзэрхэж тусгаар тогтносоны нэр. Газар оронгүй бөгөөс улс үгүй. Улс мөхвөөс улсын газар орон хэмээх үгүй болно. Улсын газар орон хэмээгч өөртөө эзэрхэж өөртөө тогтносон улсын магад нэгэн бэлгэ тэмдэг нь мөн" (19.51) гэж бичиж байлаа.

Иргэний сургуулиуд байгуулах, Монгол улсын албан түүх бичих, "Шинэ толь", "Нийслэл Хүрээний сонин бичиг" мэт тогтмол хэвлэлтэй болох зэргээр соёлын шинэтгэл хийж эхэлсэн нь ч Ерөнхий сайд Намнансүрэнгийн алсын хараатай
бодлого, үйл ажиллагаатай холбоотой байсан юм. Гэвч Монгол улсын анхны Ерөнхий сайд, түүний хамтран зүтгэгчдийн шинэтгэлийн үзэл бодролууд Монголын нийгмийн амьдралд хагас дутуу биелсэн буюу гадаад, дотоод бодлого хүчин зүйлийн улмаас тасалдсан бөлгөө. Ялангуяа 1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Намнансүрэнгийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, Хятадын төлөөний сайд Чен И гэгч олон зүйлийг шахаж шаардан, тулгаж байжээ. Түүний зэрэгцээ Монголын хар, шар ноёдын бүлэглэлийн хоорондын зөрчил хурцдаж, тэдний зарим нь улс үндэснийхээ эрх ашгийг умартан, дураар авирлах болов. Дээрх шалтгаанууд болон заримдаа эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэрээр Т.Намнансүрэн улс төрийн амьдралаас үе үе хөндийрч, нутаг орноо бараадах болжээ. Ийнхүү нэг удаа нутагтаа очсон байхад нь 1919 оны хаврын эхэн сарын үеэр Нийслэл Хүрээнээс дуудлага ирж яаран буцсан байна. Сайхь зүтгэлтэн төрж, өссөн нутгийнхаа ариун хөрсөн дээр сүүлчийн удаа гишгэж байгааг хэн төсөөлөх билээ. Тэрээр Нийслэл хүрээнд буцаж ирснийхээ дараахан Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи уусны улмаас эр тавирсан, ид идэр нас 41-ний сүүдэр зооглоод, хорвоог орхижээ. Цөхрөвч баршгүй. Монголын сор болсон монголын хөвгүүдэд яахин энэхүү золгүй хувь удаа дараа тохиов. Түүхийн нууц, улс төрийн аллага...

Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн төрийн зүтгэлтний хувьд төв эрхэмсэг, нэн тулхтай, ухааны даацтай, хүний хувьд эевэргүү зөөлөн, төв төвшин, царай зүс гайхам өнгөлөг, бие гоолиг цэгц хүн байжээ. Ямартаа л Оросын хатан хаан хүртэл "Танай Монголд тань шиг сайхан хүн олон байдаг уу?" хэмээн асууж байхав. Тийм ээ, Монголын заяа их. Яагаад гэвэл Сайн ноён хан Намнансүрэн мэтийн угийн төрх үлэмж сайхан, ухаан төгөлдөр хүмүүс Монголын заяаг тээж бидэнд уламжлан авчирсан бус уу? Ийм учраас Сайн ноён хан Намнан-сүрэнгийн дурсгалыг хүндэтгэж, түүний төрсөн газар болон Олноо өргөгдсөн Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны байшингийн буйран дээр дурсгалын шон босгож Өргөө музей байгуулах эхлэл тавигдсан байна.

3 comments:

ganga said...

Tani blogt anh udaa orj uzlee. Mongoliin tuuhees bidend toliluulj baigaad talarhal ilerhiilye. ganga-cz.blogspot.com hayagaar minii blogoor zochlooroi. Haaya tuuhen sedev orolddog uhaantai.

Оогий said...

Saixan sedweer bichdeg yum baina. Nad met tuuxiin medleg muu xund medeelel awax saixan blog baina. Bayarlalaa www.oogiinoo.blogspot.com

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)