Wednesday 17 October 2007

Р.Чойномын тухай

Оросын их яруу найрагч Пушкин “Поэт-величина неизменная” гэж хэлсэн нь харгис бурангуй цагийн салхи шуурганд яруу найрагч хүн урлагийн мөнхийн зорилгоос няцахгүй “тогтмол эзлэхүүн” байх тухай айлдсан үг юм байна. Урлаг бол тулг талбай болохоос бүжгийн талбай биш. Тулах цэг болохоос худалдааны цэг биш ажээ. Чойном бол өмнөх үеийнхэн болон өөрийн үе дундаас урлагийгарилжаа наймаа, алдар хүндийн хэрэгсэл болголгүй үнэний төлөө тэмцсэнээрээ тасархай яруу найрагч юм. Өөрийн амь амьдралыг зольж цагийг эзэлсэн суу билигтнүүд энэ дэлхийд ганц Р.Чойномоор тогтохгүй ээ. Гол нь монголчууд биднээс, Д.Нацагдоржоос, Б.Явуухулангаас, Л.Түдэвээс, Ч.Чимидээс тийм зүрх зориг гараагүй юм. Ер нь зохиолч, зураач, уран бүтээлчдийн амьдрал сонин. Утас дуугарна. Харилцуур авч “Аа, тэгээ юу. Мэдлээ, одоохон арга хэмжээ авья” гэж их жанжин Сүхбаатар шиг тайвнаар өгүүлээд “Тогмид оо түргэн гүй! Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Б.Явуухулан шартчихаж Дэлгүүоийн худалдагчид хаягласан дугтуйтай бичгээөвөртлүүлж мордуулна даа. Төдөлгүй нөгөө жанжин чинь улаан хуй шиг юм араас нь чавхдаж “Тогмид оо, буцаад… цаана чинь танай авгай, манай авгай…” гэнгүүт өөр зүг рүү гудамж ороож арилах нь вий. Хаалга үүдээ дотроос нь түгжин хэд гурваараа булагнаж, нууц бүлгэм байгуулах гэж буй мэт дохио зангаагаар харилцан “Битгий түчигнүүлээд байгаач дээ” гэж хана руу өгсөх жоом руу нударга зангидацгаан гамин ирэхээс өмнө амжиж сүүгээ уух гэж байгаа хот айлынхан шиг түгшүүртэй харагдах нь бий. Иймэрхүү амьдралаар идэр залуудаа амлуулж, угжуулсан Р.Чойном архи дарс, авгай хүүхний дэлхийн 2-р дайныг цааш явган нүцгэн ганцаар туулсан хүн. Дайнаас эргэж ирэхэд түүнд юу ч байгаагүй юм. Р.Чойном яруу найргийг идэх талх, өмсөх хувцас, өргөх үр хүүхэд гэж үзээд гаргуунд орхисон аз жаргалгүй амьдралаа урлагийн аз жаргал болгож бидэнд болон хойч үедээ үлдээсэн юм. Урлаг гэж тэгвэл юу юм бэ. Африкийн битүү ширэнгэд амьдардаг зэрлэг омгийнхонд Бетховены хөгжмийг сонсгоход учир зүггүй догдолж, ер бусын ойлгомжгүй байдалд орж байсан гэдэг. Тэд Сервантесыг уншаагүй, театрт нэг ч очоогүй соёлт ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан атлаа өөрийн гэсэн бүжиг, дуу, хадны зураг, аман зохиолтой байсан гэдэг. Тэгэхээр урлаг бол түүгээр амьсгалахгүй бол хүмүүс бүтэж үхэж ч мэдэх химийн бүтэц нь тайлагдаагүй агаар мандал юм санж. “Энхрий хайрт намаа магтан дуулья” гэж биднийг наймаалцаж байхад Р.Чойном “Диваажин”-гаа, “Дуулим талын хөөрхөн хүүхэн болж уу би” гэж тольдож суухад Чойном “Бүсгүй хүний нүцгэн биеийг магтан дуулья” гэж урлагийн өмнөөс Янжинлхамын эрхшээл дор бичиж байжээ. Өнөөгийн яруу найрагчид дотор “Чойном бол хараалын яруу найрагч, уянгын яруу найрагч биш, тэр ерөөсөө яруу найрагч биш” гэх хүмүүс мэр сэр бий. Эд нар бол харсаар байтал байны голд тусч буй сумыг хадуурсан гээд өөрийнхөө сураггүй давсан сумыг “энэ минийх” гэж байны голд туссан сумтай булхайцаж байгаа дээрэнгүй хүнтэй төстэй юм. Өөрийн харж сурсан жаазаар бусдыг хар гэж толгойг нь зууван болтол чихэхтэй агаар нэгэн зүйл юм. Тэгвэл Р.Чойном яруу найрагч мөн үү, биш үү гэдгийг шүүх шүүгчид хэн бэ. Ард түмэн. Р.Чойном бол манай энэ үед зохиол бүтээл нь хамгийн олноор хэвлэгдэж ард түмнийн амны уншлага болсон зохиолч яах аргагүй мөн. Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан “Москва нулимсанд дургүй” кино атаархсан найруулагчдын явуулгаар кино мөн, бишдээ тулж, дэлгэцэнд гаралгүй архивт шилжих дөхсөн гэдэг. Азаар Брежнев үзээд Тарга” гэж хэлснээр өдөртөө л Москвагийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж, дараа нь гадаадын таван кино наадмын тэргүүн шагнал авсан аж. Оскарын шагнал хүртсэн найруулагч Меньшовыг нөгөө ажил мэргэжил нэгтнүүд нь Америкт дүрвэн гарах гэж байна гэж КГБ-д матаж ёслолын ажиллагаанд нь оролцуулаагүй гэдэг. Найруулагч Меньшовт атаархагчид Чойномд атаархагчидтай ойрын садан, Чойномыг торны цаад руу матааслагчтай холын садангууд ажээ. Эдгээр хүмүүс цагийг эзлэх нь байтугай цагийн аясаар хувирч, толгойд цав суувал бөгс гэж дайрч мэдэх л хүмүүс юм. “Чойном бол асар их хог новшин дундаас гялалзсан алт эрдэнэс” гэж хэн нэгэн хэлжээ. Тэр нь аугаа их номч гүүш Б.Ринчен аж. Түүнийг амьд сэрүүн ахуйд нь “Чи бол гайхалтай яруу найрагч” хэмээн дуун алдсан нь Бэгзийн Явуухулан байсан юм. Уул, уулаа харна гэдэг энэ ажуу.Й

Ирж буй цагийн Яруу найрагчД.Нямсүрэн

Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээх алдар уншигчдаасаа хүртсэн билигт хүү Данзангийн Нямсүрэн ХХ зууны сүүлийн хагаст аж төрж, ХХI зуун руу хоёрхон алхсан юм. Түүний яруу найргийн амьдрал 1970-аад оноос эхэлж, 80-аад онд төлөвшсөн бөгөөд улмаар 90-ээд он, шинэ зууны эхэн гараанд ид цэцэглэлтийн үедээ ирсэн гэж үзэж болно. Монголын оюуны ертөнцөд хожуухан танигдаж мэргэжлийн утга зохиолын хүрээнд онцгой анхаарал татаж эхэлсэн нь мөн л 90-ээд оноос хойш. Гэхдээ түүнийг утга зохиолын судлалд анхааран тэмдэглэх, талархан бахдах, алдаршуулан цоллох төдийхөн байгаа бөгөөд Д.Нямсүрэнгийн яруу найргийг шинэ зууны мэргэжлийн хэмжүүрээр танин мэдэх, судлаж нээх, ХХI зууны уншигчдад мэдрүүлэн хүргэх үйлс бидний ар талд байгаа юм. Ийм ч учраас Данзангийн Нямсүрэнгийн яруу найраг өөрийн амьдарсан цаг үеэсээ илүүтэйгээр ХХI зуунд онцгой хамааралтай болж байна. Энэхүү хамаарал зөвхөн цаг хугацааны хүчин зүйлтэй холбоотой төдийхөн бус түүний туурвил зүй дэх шинэлэг содон зүйлс, чиг хандлага, зөн совинлог, тарнилаг, далд ухамсрын чанад дахь нууцлаг чанар нь хүн төрөлхтний шинэ цаг үеийн яруу найргийн ирээдүйн эрмэлзэлтэй шууд холбоотой байгаад учир нь буй юмаа.Данзангийн Нямсүрэнгийн намтартай холбоотой цөөн хэдэн үг энд хэлэх нь зүйтэй байна. Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сарын 7-нд бичсэн “Төрсний гэрчилгээ” хэмээх шүлэгтээ өөрийн намтрыг тодруулах эрэл хийж, урьд өмнө андуу ташаа янз бүрээр бичсэн цаг хугацааг нэг мөр болгосон байдаг.
Дэлхий даяараа тэгээд
Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тээр жилийн тэр нэг шөнө
Тэнгэрлэг гоо эхнэрийн
Тэрлэгэн дээлийн ташаагаар
Гялбаа цахихуйд
Тэнгисийн шорвог устай цуг
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж
Эхээс би мэндэлсэн юм.. гээд…
Гамшиг зовлон үйлийн үртэй
Гахай жилийн зуднаар би төрсөөн хэмээн тодотгосноос үзвэл 1947 оны зудалсан хаврын хахир цагт Дарьганга нутгийн Асгат уулын Авдрантын урд биед ханзраагүй их хөр цасан баринтагт мэндэлсэн юм байна.Д. Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/. “Сэтгэлийн байгаль” /1981/, “Аглагхан талаасаа” /2002/ хэмээх гуравхан ном амьддаа хэвлүүлсэн. Тэнгэр болсны нь дараа “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бид уншигчдад хүргэсэн. Одоо “Алтан хазаар өвс” ном нь хэвлэгдэн буй. Бас цаана нь яруу найргийн хоёр ном, бас “Зүүдний тэмдэглэл”, “Захидлууд” хэмээх тэр аяараа яруу найргаар бялхсан номууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Үүнээс үзвэл тэрбээр яруу найргийнхаа амьдралыг ХХI зуунд илүүтэйгээр даатгажээ.Данзангийн Нямсүрэн Дарьгангын хээр талд төрж өсөөд залуу насныхаа анхны мөрүүдийг нутагтаа бичиж эхэлсэн хэдий ч, талаас ихэнх амьдрал нь Дагуурын их дархан газрын ай сав буюу алс бөглүү Эрээнцав нутагтай салшгүй холбоотой юмаа.Дарьганга хийгээд Дагуурын олон цэнгэг нуурыг эрдэмтэд, “шувуу судлалын диваажин” гэж үздэг бөгөөд гэхдээ тэднээс илүүтэйгээр Д. Нямсүрэнгийн яруу найрагт энэ гайхамшигт нутгуудын шувууд үгийн билиг дэх тэнгэрлэг утга чанараар “судлагдсан”-ыг анзааралтай. Өвс, шувуу, бүсгүй хүн бол түүний яруу найргийн гэрэлт дүр нь юм. Талд гялалзах ганц алтан харгана, бутны ёроолд хунгарласан алтан хазаар өвс, Хөх нуурын хөвөөгөөр тонголзох хөх лонхон тогоруу, талын тэнгэр дэх улаан хэлтгий сар нь түүний яруу найргийн байгаллаг ахуйг тодотгох агаад усны долгионд хөвөх адууны шар хомоол, хэцэн дээр угаасан юм тохож буй бүсгүйн өврөөс хоёр шувуу нисэх, түмпэн дотроос хэлхээтэй хоёр юм гаргаж өлгөх, түрүүчийн ниссэн шувууны үүр тэр байх, эгэл бүхнийг энгийн бус, дээд ярууслын мэлмийгээр харах билиг авьяас нь тал нутгийн эрчимлэг байгал, Данзангийн Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” хоёр нэгэн биед нэгдэн найрссаны үр шим буй заа.Д.Нямсүрэн монголын утга зохиолын практикт сэтгэхүйн загвар болгон тогтоод байсан хоёр зүйлийн хэвшмэл үзлийг эвдсэн найрагч юм. Нэгдэх нь хөдөө суувал зэвэрдэг, хотод амьдарвал өсөж дэвждэг хэмээх үзэл, хоёр дахь нь яруу найраг бол залуу насны урлаг гэх үзэл. Д.Нямсүрэн насан туршдаа хөдөө сууж, харин Эрээнцавын шүлэг улам цолгорон гялалзаж, бидний харсаар байтал хотынхны найраг ижилсэн зэвэрч байсан юм.Д.Нямсүрэнгийн яруу найраг нас ахих тусам утгын буйд аглагийг замнаж, улам гэрэлтэн ярууссаар байсныг бид харж болно. Ялангуяа түүний 90-ээд оны шүлгүүдийг дотоод мэлмийгээр, судалгаа шинжилгээний шинэ арга барилаар судлах шаардлагатай байгаа юм. Д. Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж Туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм. Тиймээс ч түүний хувьд онгод бол нас намбанаас хамаарах зүйл огт бус болой. Яруу найргийг зөвхөн залуу насны дэврүүн сэтгэлийн хөг аялгуу мэт ташаа ойлголтыг Д Нямсүрэнгийн бүтээлч оюуны туршлага няцааж байгаа төдийгүй, түүний тодорхой өндөрлөгт бичигдсэн шүлгүүдийг танин мэдэхэд оюун санааны дээд аглагт хийх нислэг зайлшгүй хэрэгтэй болж байгааг сануулах юун. Яруу найргийн судалгаа шинжилгээ нь сэдэв дүр дүрслэл, сайндаа философи утгын тайлал төдийхний задаргаа байхаа хэдийн больж, бидний танин мэдэхүйн гадна хүрээн дэх шидэт эрчимлэг оршихуйд авч үзэх эринд бид ирэв.Эрээнцавын урланд очсон авьяаслаг зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, “Д.Нямсүрэнгийн шидэт бийр бэх нь орших бүлээн мөрийг олж”, ер бусын ялгуун шившлэгт “уран сайхны агаартай” хэмээн мэдэрсэн байдаг. Д.Нямсүрэнг Эрэнцавгүйгээр, эндэхийн уран сайхны “агаар”-гаар судлах аргагүй юм. Зөвхөн аравдугаар анги төгссөн, бага ангийн багшийн дамжаа дүүргэсэн энэ хөдөөх эр яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд агар зандан мэт анхилан ургаж тэнцсэн төдийгүй урлал туурвил, уран чадварын сургуулийг буй болгосны нууцыг холоос эрэх хэрэггүй юм. Тэрбээр Улаанбаатар хотод далаад оны сүүл, наяад оны эхэн үеэс бүрэлдэн буй болсон яруу найргийн “Гал” хэмээх бүлгэмд төлөвшиж бойжсоныг онцлон тэмдэглэе. Түүнийг шавь О.Дашбалбар нь дагуулж 1976 онд энэ “Гал”-д элсүүлсэн бөгөөд хөдөөнөөс дөрөвхөн шүлэгтэй ирж байсан Д.Нямсүрэн Дорнын их найрагч хэмээх тодотголтой болтлоо энэ “Гал”-д бойжсон юм. Түүний багш нь нутгийнх нь хоёр том яруу найрагч Доржийн Гомбожав, Данзаннямын Шагдарсүрэн хоёр бөгөөд их найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж, П.Пүрэвсүрэн, Д.Нямаа, Д.Маам нар түүнийг талархан дэмжсэн билээ.“Хаврын урсгал” номыг гарсны дараахан Ч.Билигсайхан анх түүний яруу найргийг “Гэгээн өглөөний шүлгүүд” гэж нэрлэсэн юм. О.Дашбалбар нэгэнтээ Д.Нямсүрэнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Г.Мэнд-Ооёо хэмээн тодорхойлсон бөгөөд “сэтгэлийн байгаль”-ийг анх бидний үеийнхэнд нээсэн гэж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ хувь тавилангаараа бахархаж байна. Одоо ч гэсэн төдийлөн сайн судлагдаагүй байгаа энэ “Гал” ХХ зууны хоёр сод яруу найрагч О.Дашбалбар, Д.Нямсүрэн хоёрыг буй болгосныг Монголын утга зохиолын түүх мартах учиргүй. “Гал” бүлэг гоо сайхныг үлэмж дээдэлж, ярууслыг төгс мэдрэх, оюун сэтгэлгээний хязгааргүй боломжийг эрж хайх, ертөнцийн мэдлэгийн түгээмэл ойлголтын чинадад нэвтэрч оюунаа тэлэх, хүний хувьд төгөлдөржих зорилгыг өмнөө тавьж бие биеэс суралцаж биесээ хөгжүүлж , цэвэр тунгалаг яруу найргийг тунхаглаж байв.О.Дашбалбар “Гал”-ынхаа нөхдөөс хамгийн түрүүнд 1991 онд Д. Нямсүрэнгийн хөргийг бичсэн бөгөөд “Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй “ гэсэн байдаг.Д.Нямсүрэнгийн яруу найраг ялангуяа 90-ээд оныхон буюу өөрсдийгөө “Мөнгөн” хэмээх тодотголтой томьёолдог үеийнхэнд онцгой нөлөөлсөн юм. О. Дашбалбар бас мөн үеийнхний олонхийнх нь багш байсан. Дээрээс гаргалгаа хийх юм бол Д.Нямсүрэн, О.Дашбалбар хоёрыг “Алтан” хэмээх томьёололтой авч үзмээр байдаг.Д.Нямсүрэнгийн яруу найраг ертөнцийг дэндүү гэхээр гэрэл гэгээтэй харж, эгэл юмсын чанадыг ер бусын яруу сайхнаар мэдэрч, түүнийг дээд оюуны эрчимлэг мандалд энэрэхүй зөөлөн утга уянгаар адисладаг. Орчин үеийн гэх рок, поп хэмнэл бүхий төмөрлөг цаг үеийг эерүүлэн зөөллөх байр суурин дээр тэр байсан бөгөөд яруу найргийн эрхэмсэг тансаг хэл аялгуу, шүлэглэх зүйн өөрийн дэг сургуулийг үүсгэсэн юм.Д.Нямсүрэнгийн амьдарсан өөр нэг орон зай бол хэн болгоны хараахан хүрч очоогүй байгаа үгийн шидийг бясалгахуйгаар нээдэг яруу найргийн шамбал юм гэдгийг энд цухас дурдаад орхиё
.Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээн цавд бороо орох сайхан …Энэ хоёр мөрийг эгэл нүдээр харахад ер гоц юмгүй. Харин Д.Нямсүрэн хэмээх ертөнцийн цонхоор үзэхэд өөрийн эрхгүй аньсага чийгтэнэ. Яруу найргийн дотоод эрчимээр адислагдсан яруу найраг ийм байдаг. “Дөрвөн цаг” түүний яруу найраг дотор чухал байр эзэлнэ. Гэхдээ оюун санааны арай өөр мандалд хүлээн авах онцгой гэхээр ур хийцтэй олон шүлэг Д.Нямсүрэнгийн өв санд үлэмж байгааг олж харах хийгээд нээн судлахыг судлаачдаас хүлээж байна.Хэний ч анзаарч тоож хардаггүй харганын ёроолд хунгарласан хазаар өвс Д.Нямсүрэнгийн яруу найргийн шамбалд “Алтан хазаар өвс” болж гэрэлтэхийг ХХI зууны уншигчид нээх болно. Д.Нямсүрэнгийн нэгэн цагт өөрөө мэдэрч бичсэнээр “Өтлөхүй цаг дор” шүлэг нь “хувилгаан” чанарт шилжсэн бөгөөд“
Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр бичиж явсан түүний шүлгүүдийг шинэ зууны жинлүүрээр цэгнэн үзэж, сонгодог яруу найрагчийн зиндаанд авч үзэх ёстой гэж бодож яваагаа сонордуулсу.Чухамхүү Д.Нямсүрэн бол ирж буй цагийн яруу найрагч бөлгөө.
Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ, тас бөөрөнд дээр толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг
Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг /Д.Нямсүрэн/
Яруу найрагч шүлгэндээ оршихуй буюу Данзангийн НямсүрэнО.МӨНХНАРАН

Яруу найрагч, зохиолчид уран бүтээлээрээ өөрийн эзгүйд ч хүмүүстэй уулзан, ярилцаж ухаан бодлоо солилцон амьдрах бөлгөө. Гэхдээ хүн болгон бас тэгж амьдарч чаддаггүй. Хэн өөрийн шүлэг зохиолдоо өөрөө гүн нарийн дотоод сэтгэлээрээ оршиж чадсан байна, тэр хүн ингэж эрин зуунд “үргэлж мөнх өдөр”тэй амьдрах бөлгөө.Зарим шүлэг тухайн цаг үедээ алдаршаад, аажмаар яруу найргийн уншилтын тайзыг орхин цаг үетэйгээ үлддэг байхад харин зарим шүлэг цагийн цагт нар лугаа мандаж, цэцэг лүгээ дэлгэрч өөр өөр цагийн уншигчдын сэрэл мэдрэмжийг хөглөн дуулсаар байдаг билээ. О.Дашбалбар нэгэнтээ “яруу найраг бол зан төрх, зан төрх нь шүлгэнээс нь мэдрэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч. Тийм яруу найрагч Монголд цөөхөн дөө” гэж хэлсэн байна. Энэ цөөн хүний нэг бол яахын аргагүй түүний өөрийнх нь багш, дорнын их найрагч Нямсүрэн юм.Зөөлөн өвс үүрэндээ зөөхШувуу шигЗүрх сэтгэлийнхээ уй баярыгХүмүүст нэг, нэгээр өгнө. Тиймээ тэрээр их өглөгч хүн байсан гэдэг.
Зүрх сэтгэлийнхээ уй баярыг хүртэл хүмүүс бидэнд нэг нэгээр нь өгсөн.
Сайхан өвгөдөө нутаглуулсан
Сахлаг өвстэй тэр нэг жаахан жалгыг ч
Сансрын хөлгийн буудал шиг
Саруул төгөлдөр байлгана. /Эргээд ирэхэд-Хаврын урсгал 12х/ хэмээн тэрээр өөрийн яруу найргийнхаа зорилгыг гэгээн тунгалгаар тодорхойлж, Өөртөө биш хүмүүст бичдэг болохоорШүлэг гэдэг, дээл оёхоос хэцүү /1979 Хаврын урсгал/хэмээн өөрийн насан туршийн ажил болох Шүлэг бичихээ үнэ цэнэ, хүнд хүчрийг өгүүлжээ.Мөн тэрээр билэг авъяаст, зөнч яруу найрагчийнхаа хувьд өөрийн шүлгийг өөрөөсөө хойш оршихыг мэдэж үүнийгээ бас л шүлгэндээ үлдээсэн байх юм.
Өөрөөн шүлэг минь миний эзгүйд
Өнийн гал шувууны зүрхийг ноцоож
Өнгө зүсээ хадгалж яваарай. /1999/ гэж, бас
Өтлөхийн цаг дор шүлэг минь
Хувилгаан чанарт шилжиж
Өнгө өнгийн цэцэгс болон дэлгэрээд
Өвсний шүүдрээр хөл нүцгэн явах бүсгүйн
Өлмийд үнэрээ хадгалах болно.Тэр цагт манайхан, намайг
Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр шүлгээ бичиж явсаныг мэдэх болно. 1998 –”Аглагхан талаасаа”-65х хэмээсэн нь өөртөө итгэсэн гүн бат итгэл, ирээдүйн хөгжилд мөнхрөх яруу найргийнхаа хожмын амьдралыг зөгнөсөн ажгуу.Тэрээр бүхнийг гэгээн тунгалгаар хардаг байжээ. “Гэгээн өглөөний тунгалаг шүлгэнд минь байх вий” хэмээн бичсэн түүний шүлгээс ямарваа нэгэн атаа хорсол, муучлалын сүүдэр өчүүхнийг ч олж эс харна. Амьдралынхаа алдаа ухаарлыг хүртэл энгийн сайхнаар хэлсэн байх ажээ.
Ирэх цаг сайхан болж
Эх орон минь агуу болно.
Эгшиг дууны минь аялгуу бүхэн
Илбэх үсний тань оюу болно. /Сэтгэлийн байгаль-20х/Эгэл нүдээр эс анзаарах зүйлсийг анзаарах, улмаар түүний энгүй мөн чанарыг ургуулан бодож мэдрэх, тэгээд түүнийгээ энгүй тансагаар илэрхийлэн гаргах бол түүний төрөлхийн авъяас. Нэгэнтээ дорно дахины нэрт дуун ухаантан Жамьянгарав “Үгээр илэрхийлж, дүрсээр сэтгэшгүй үйл явдал гэж байх үгүй” хэмээсэн байна. Нямсүрэнгийн амьдралд үгээр илэрхийлэгдэж, дүрээр буугаагүй үйл явдал үлдээгүй байх гэж бодогдоно. Авгай аваад аавдаа ирж золгохгүй байгаа дүү нь, айлын найран дээр гангар шаазан хагартал дуулах, айлын буурин дээр ар бөөрөөрөө хэвтэх хуучин зуух, уйлагнасан бороо, онгон цэнхэр хөдөө, өргөст өвс хэмээх зангуу, бөрт цагаан саран, сар хиртсэн шөнө, уугаад орхисон архины цэнхэр лонх,,,,, Эгэл юмсаас юуг ч орхилгүй бичсэн мэт.
Түлээний,Муу цүзгэр хөрөө маань хүртэл
Цөөрмийн усны лам шувуу шигГанганан байгааг ээ…Тэрээр өөрийн дотоод сэтгэлээ бүрэн цогцоор нь шүлгэндээ оршоожээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрийд дэнлүүний тос дуусах хүртэлх түүний амьдралын агшин хором бүхэн алдаа оноотойгоо шүлгэнд нь оршиж амьд үлдсэн байдаг. Атганд хумигдсан шүлэгтэй цаасАяар аяархан санаа алдана… Бурхан бүтээхэд эхлээд тиг зурах лугаа адил, түүний яруу найргаа урлах гүн нарийн туурвилынх нь тиг нь гэмээр нэгэн бүтээл бол 1992 онд бичсэн Амитаба хэмээх шүлэг нь юм. Ертөнцийн дотоод зүй тогтлыг бясалган таньж, өчүүхэн юм бүхнээс ангижирсан найрагч болох нь бас энэ шүлгээс тод харагддаг. Өөрөөр хэлбэл оршихуйн мөн чанарыг энэ найрагч танин мэдсэн байжээ. Жинэхэнэ яруу найраг бол цаг хугацаа, орон зайн хэмжигдэхүүнээс ямагт ангид оршдог бөгөөд Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүд ч гэсэн эдгээрээс тусдаа, тэр бүү хэл аливаа баригдмал үзэл онолд ч хүлэгдэлгүй, хязгааргүй эрх чөлөөтэй туурвисан бүтээлүүд болох нь мэдрэгдэнэ.Дорно дахины яруу найргийн онолд яруу уянгын чанарыг илэрхийлдэг Эвсэл найралт, Маш тунгалаг, Тэгш чанарт, Яруу сонсголонт, Орь залуу, Утга тодорхой, Агуу их, Сүр жавхлант, Уран сэтгэмжит эдгээр 10 эрдэм буй хэмээжээ. Нямсүрэнгийн шүлгүүдийг утгын гүнзгийгээс гүнзгийрэл рүү, үгээс үг рүү нь лавшруулан судлавал эдгээр чанарууд цугаараа тодрон харагдах нь лавтай. Ийнхүү тэрээр өөрийн бүтээсэн яруу найргийн урлалаараа Үргэлж мөнх, Үргэлж залуу өдрүүдийг үзэж өнөд орших болно. .Мэнд-Ооёо. Утга зохиолын доктор

Суут хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

Нэг.
Хүүхдүүд хөгжимдөж байна. Найм, есөн настай хүүхдүүд, арван долоо, наймтай хүүхдүүд хөгжимдөж байна. Хөгжмийн сургууль хөгжимдөж байна. Тэнд морин хуур, энд төгөлдөр хуур, дээр ёочин, шанз, цаана нь хийл дур зоргоороо цангинана. Түмэн зүйлийн хөг ая сүлэлдсэн тэрхүү хөгжмийн их шуугианд урлагийн сургуулийн байшин согтож унамаар ажээ. Гаднаас нь чагнахад тэр гэх тоймгүй. Аль нэг ангид орвол сая ойлгомжтой. Төгөлдөр хуурын ангид Цэцэгээ охин баясгалантай хөнгөн ая тоглоно.-Энэ хэний зохиол вэ гэж сонирхон асуухад багш нь:-Мөрдоржийн зохиол. Төгөлдөр хуурын гучин хоёр альбомоор бид хичээллэдэг. Манай хүүхдүүд энэ аяыг тоглохдоо их дуртай гэж хариулав. Хэдэн жилийн өмнө Говь-Алтайн төвд өвлийн шөнө жихүүн агаар амьсгалан явтал минь хажуугийн хашаанд найр зугаа болж буй бололтой хүмүүс шуугилдан, удалгүй тэд эгшигт хайрцаг тавьж “Торгууд бүжиг”, “Ээрэнцэг бүжиг”-ийн аялгуу эгшиглэв. Тэр хоёр аялгуунд би их дуртай. “Найрлаж байгаа энэ олон бас л дуртай аж” гэж бодоод тэрхэн зуур идэр есийн хүйтнийг мартсан шүү. Энэ хоёр аялгуу 1946 оны Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд шалгарсан юм. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ.1949 оны 11-р сарын зургаанд голын жихүүн жавар сөрөн Улаанбаатарынхан баруун урагшаа бэлчин, өрлөг их баатрыг угтах мэт явцгаахад өрлөг их баатрын нь магтаал бололтой нэгэн жавхлант аялгуу даарсан олны сэтгэлийг сэргээн эгшиглэж байлаа. Тэр дуу бол олны угтах гэж яваа галт тэрэг, монголын анхны төмөр зам, Улаанбаатар-Москваг холбосон төмөр замын тухай “Ган зам” гэдэг дуу байлаа. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ.Хэдэн нөхөд ширээ тойрон суугаад кино үзэх тухай ярилцана.-Газар уснаа явагч” гэдэг киноны хөгжим мөн сайхан шүү гэж нэг нь хэлэв.-Үнэхээр сайхан. Харин Монголын ямар киноны хөгжим сайхан бэ гэж нөгөө нь асуув.-Кино үзэхэд их учиртай. Нэг үзэхдээ киноны зохиолыг онцлон сонирхож болно. Нэг үзэхдээ жүжигчдийн чадварыг онцлон сонирхож болно гэхчлэн гаж өөр юм нэг нь ярихад-Киноны мэргэжилтэн бол дуу яаж оруулсныг нь бас их сонирхдог гэдэг шүү гээд утгагүй инээлдэв. Гэтэл нөгөө нь-За би зургаан киноны нэр хэлье. Алины нь хөгжим сайн болсныг хэлцгээ гээд “Элбэг дээл”, “Морьтой ч болоосой”, “Ардын элч”, “Алтан өргөө”, “Бидэнд юу саад болж байна”, “Орчин үеийн монгол” гэж нэрлэв.-”Ардын элч” гэж нэг нь өрсөн хашгирав.-”Орчин үеийн монгол” гэх сонстоно. Гэтэл энэ зургаан кинонд Мөрдорж хөгжим бичсэн билээ.1945 он. Баруун зүгт Германы фашизмыг бут цоХиод дорно зүгт японы самурайг ниргэх их тэмцлийн үе. Намар цаг, ах дүү өвөрмонголыг чөлөөлөхөөр Зөвлөлтийн улаан цэргийн хамт монгол цэрэг баатар Аюушийнхаа ган зоригоор давшихдаа “Эх орон” гэдэг дууг олонтаа дуулжээ. Ялалтын дараагаар сураглан тэр дуу зохиосон хүнд төрийн шан хүртээсэн байна. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ. Манай төрийн дууллын аялгууны тухай “Дэлхийд хамгийн уянгат сайхан сүлд дууллын нэг гэгдэж буй Монголын төрийн дуулал…” гэж зөвлөлтийн хөгжмийн нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ниязи хэлжээ. Тэр хүн бас “Хөхөө Намжил” гэдэг дуурийн хөгжмийг чадварлаг сайхан гээд “Энэ дуурийг европын ямар ч театрт тоглоход амжилттай үнэлэлт авч чадна” гэв. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ. “Цомбон туурайтай хүрэн нь цохолсон хар алхаатай” гэж уудам талд уянгалан дуулахдаа сайн мориныхоо тухай дууг сайхан эх орны тухай дуу гэж боддог монгол хүн “Эх орон ” гэдэг яруу түнгалаг найрал хөгжим сонсон, хайлж хатуужиж, хөгжүүн сэтгэлээ тэр яруу тунгалаг найрал хөгжмийн гайхамшигт төгсгөлөөр бадраан суугааг шүлэглэн дүрсэлбэл:“Өндөр давааны ард байсанМиний монголЦомбон туурайтны эзэнЗовохдооҮүр цайхадӨндөр давааг давсанМиний монголЦомбон туурайтны эзэнЯлахдааҮүр цайхадӨндөр давааны өвөрт ирсэнМиний монголЦомбон туурайтны эзэнЖаргахдааҮүр цайхадӨндөр давааны ард байснааӨндөр давааг давснааӨндөр даваанаас өвөрт ирснээӨнө санажӨнө ирээдүйгээ бодожБаясан суугааМиний монголЦомбон туурайтны эзэнҮүр цайсанМиний монгол”. “Эх орон” гэдэг яруу тунгалаг найрал хөгжим бол шинэ Монголын анхны яруу тунгалаг найрал хөгжим болой. Говь-Алтай бол манай орны хязгаар газрын нэг. Тэр алс нутгийнхан нийслэл хотдоо урлагийн арав хоног зохиох гэж бэлтгэх үеэр Есөнбулаг ороход минь Мөрдорж гуай тэнд туслан ажилласаар бараг cap болж байв. Зуны дэлгэр цаг сан. Бид Ээж хайрхан нутагтай “Соёл” нэгдэл, Бигэр сумын Чулуун даргатай нэгдэл, Хүнхэр зуслангийн амралтад очсон. Дуу хөгжимд дуртай алтайнхны хэн нь хаана, юу асуувч Мөрдорж гуай тусархаг зангаараа хэлж зааж явлаа. Хөдөөгийн сайн дурын уран сайханчдад цөхрөлгүй тусалдаг хүнийг би тэгэхэд л үзсэн юм.
Хоёр.
Хөгжим сурахсан гэхээс Мөрдорж багадаа нойр нь хүрдэггүй хүүхэд байжээ. Энэ бол хүсэл мөрөөдөл юм. Яаж сурах вэ, тэр хуурчин, энэ лимбэчин гэж хүмүүс шагшина. Зүсийг нь ч олж харах аргагүй. Яавал хүний сэтгэлийг эзэмдэн хөгжимддөг тэр улс шиг болох вэ. Нэг өдөр Зүүн сэлбийн гүүрний хайрцгийн наймааг хэсэж явтал хар модон хуучир байсныг аваад оёдлын бүдүүн хар утсаар чавхдас хийн хөрөөдөж эхлэв. Сургуулийнхаа байранд зургаан cap хөрөөдөж байж хоёр нэгийн зэрэг дуу оруулдаг болжээ. Хөгжимчин болсон шиг санагдана. Гэтэл тоох хүн үгүй. Яах билээ, сургууль л хийгээд байдаг хэрэг. Хууртай болсон. Хуурандаа Тоож нанаа”, “Хүмүүн төрөлхтөн”, “Шивээ Хиагт” гэсэн гурван дуу хуурдаж чадна. Тэгээд Төв театрт хуураа авч очин шалгуулав. Дарга Раднаабазар, найруулагч Гомбожав, хөгжмийн эрхлэгч Цэрэндорж, багш Түдэв, Түвдэн, Алтангэрэл, Дорждагва нарт шалгуулж, хүний олноос сүрдсэн боловч хүн болгон анхаарч үзсэнд нь тэнцсэн юм шиг сэтгэл өөг буцжээ. Тэгээд сул дагалдан болов. Түдэв хуурч яагаад ч юм бэ олноос онцгой санагдана. Тэр хуурчийг бараадан бараадан сууна. Түдэв гүн хуур, хуучир, шанз дарна. Айлд очоод хүн хөгжимдөж аль гэж гуйхад хэрэв хөгжимгүй байвал-За яахав, хоёр нэг шаазан аваад ир гэж шаазангаа алган дээрээ тавьж, савхаар цохиж “Хандармаа” гэдэг дууны ая оруулах нь үлгэрийн юм шигсанагдана. Мөрдорж тэгжТүдэв хуурчид шавь оржээ. Ердөө ном хичээл заахгүй.-Бидний хуурдахыг сайн харж сур гэхээс цаашгүй. Өглөө бүр тэд хурж хуурдана. Ноот гэж тэр үед байсангүй болохоор хэрхэн хуурдаж, нийлэхийг нүдээ бүлтэртэл ажна.-Хүн хөгжимдөхийг сайн харж сур. Оройд айлын найранд хамт оч гэж Түдэв багш захиж, дагуулж явна. Түдэв хуурчийг айл болгон урина. Орой өнжихгүй найрт очсоор сүүл сүүлдээ багшийгаа хөгжимдөж байгаад согтоход нь багшаасаа айхгүй болж хүмүүс ч хөгжим л бол хөгжим болоход багшийнхаа хуурыг авч юу чадахаа дарж нэг дуугаа давтсан ч болдог гэнэ. “Хэд хоног үргэлжлэн найрласан ч нэг дуу давтаж хөгжимдөхгүй” гэж багш нь номлодог байж л дээ. Сайн хуурч болох бас л яагаа ч үгүй. Яавал сайн хуурчин болох билээ. Хүн хүнээс асууна. Тийм, ийм сайн хөгжимчин байсан хэмээн домог яриагаар хариу тавина. Гэтэл нэг өвгөн ярьсан нь:-Хүү минь, гурван замын уулзвар дээр бүрэнхийд морины хувхай толгой унаж суувал сайн хуурчин болдог юм гэнэ билээ… гэжээ. Үнэн болов уу. Тэгье гэтэл айдас хүрнэ. Ичнэ. Арга барахдаа үнээнийхээ өвсний хашаанд орой бүр орж “Дөрвөн цаг” гэдэг уртын дуу дарж оролдоно. Бас л болсонгүй. Бүтэн жил сул дагалдан хэвээр байв. Театраас морин хуур, хуучир хоёр өгчээ. Жинхлээд хоёр cap болж байж анх удаа тайзнаа гарч “Шидунхуар”, “Хоёр сэтгэл” гэдэг ардын дуу хуучирдаж, мөн дуучин Дорждагвыг дагаж “Эр бор харцага” гэдэг уртын дуу хуурджээ. Гэтэл тарваган тахлын доктороор ирсэн эмчийн гэргий Берлина гэдэг авгай төгөлдөр хуур дардаг, ноот их мэддэг гэж сонсогдоход очиж давхар шавь орж, өглөө бүр тэднийд ноот заалгахаар хэдэн километр явган нүцгэн гүйдэг, оройд харих ч үгүй багшийн заасныг нухалсаар хөгжимд дуртай болоод театрынхаа хөгжмийн өрөөнд зургаан cap унтжээ. Ингэж Мөрдорж хөгжимдөж сураад, ноот сурснаар хөгжмийн алдарт зохиолч болох үндсээ тавьсан аж.
Гурав.
-Таны хамгийн дуртай уртын дуу юу вэ?-Уяхан замбуутив.-Дуртай өнгө?-Үүлэн цэнхэр.-Хамгийн түргэн зохиосон ая юу вэ?-”Торгууд бүжиг” бол цай уух хооронд орсон ая. “Октябрийн туяа” гэдэг яруу тунгалаг найрал хөгжмийг долоо хоногт бичсэн.-Ая зохиодог тухайгаа яриач?-Эхлээд бодно. Ардын маяг уу, өөрийнх үү? Хэлбэрээ бодно. Төлөвлөгөөгөө бодно. Чөлөөтэй хийхийг бодно. Дотроо бодож явсаар бичиж эхэлнэ.-Таны шавь хэн хэн бэ?-Сүхбаатар, Баасанхүү, Дагважамц нарт туршлагаа ярьж зөвлөдөг байсан…-Одоогийн Монголын хөгжмийн зохиолчдын тухай ярьж өгөөч?-Гончигсумлаа, Дамдинсүрэн хоёрыг би их хүндэлдэг. Дамдинсүрэнгийн ардын аянд би их дуртай. Гончигсумлаагийн шинэ юм хийдэгт би их дуртай.-Таны багш хэн бэ?-Би Түдэв хуурчийн шавь.-Та шийд тоглож байсан уу?-Буяннэмэхийн зохиол “Гарван хорын хүлээс” гэдэг жүжигт, “Дагиупа” гэдэг ая хуучирдаж, гуанзангийн хоол зөөгч болж тоглож үзсэн.-Түдэв хуурчийн багшийг та таних уу?-Сандаг багш нь их дуулж, шанздаж, хоёр хөлөөрөө ёочиндож авьяасаа гайхуулдаг байсан юм гэнэ билээ.-Таны үетэн хэн, хэн бэ?-Жамъян хуурч, Дамдинсүрэн лимбэч, Базаррагчаа шанзчин бид нэгэн үеийн улс аа.-Тэд чинь хөгжимчин шүү дээ?-Тийм ээ, тэд хөгжимчнөөрөө үлджээ.-Та ямар ямар хөгжмийн зохиолчдод дуртай вэ?-Оросын Глинка, Бородин, Францын Синшанци, Рабель, Дибюси, Чехословакийн Дворжак нарын бүтээлийг судалж сонирхдог.-Одоо үеийнхнээс?-Зөвлөлтийн Шостакович, Унгарын Портак…-Та гадаадад их явдаг уу?-Би Зөвлөлтөд зургаан жил сурсан. Чехэд Анхдугаар их наадам, Хөгжмийн хавар xoepoop, Румынд ардын хөгжмийн хуралд, Болгарт жуулчнаар очсон.-Цаашид та юу бүтээх гэж байна?-Аль болохоор хүний сэтгэлд ойр юм хийх хүсэлтэй.
Дөрөв.
Одоо дөчин дөрвөн жилийн өмнөх хуудаснаас эхлэн үзье. Эгчийнхээ хөхийг хөхөхдөө ээжийгээ гэж андууран өнчирснөө мэдэлгүй өссөн. Мөрдорж гэдэг жаал хүүгийн эргэн тойронд хөгжим эгшиглэн хорвоо уянгалж байв. “Ээжий” нь шанздана. Ах нь лимбэднэ. “Хойт эцэг” нь хуурдана.Хүрээ орохоор нүүж явсан айлын жирэмсэн авгай замдаа гэнэт өвдөж, овоохой босгон төрсөн тэр хүүхэд есөн нас хүрэхдээ бишрэлт хамаатны хүслээр хоёр багшаар ном заалгана гэж шүтээний аймагт суухдаа хоёр багшаар зодуулж, хоёр багшийн цай хоол хийж, хоёр багшийн бурхан тахил арчиж, хоёр багшийн хувцас, хашаа цэвэрлэж, хоёр хоёр жил зарагдахдаа хоёр хоёр үсэг ч суралгүй, хоёр багшаасаа хоёр сорви хуйхандаа хадгалж зугтсан гэдэг. Тэгээд хотын бага сургууль гэдгийн үүдэнд ирэн зогсож байтал таньдаг хүүхэд дайралдаж үг хэлээ ойлголцон, тэр бага сургуульд орж гэнэ. Гэтэл Мөрдоржийн жолоог амьдрал өөр тийш нь залж “Хойт эцэг” хэмээгдэх эгчтэй нь суусан хар хүн гаалийн хорооны ня-бо байсан учир өөр шигээ хүн болгохоор банкны нягтлан бодохын түр сургуульд оруулжээ. Уг түр сургуулийг төгсөөд Завхан аймагт томилогдсон боловч очсонгүй. Ямар нэгэн юм мөрөөдөн, хотоос гармааргүй санагджээ. Чухам юу мөрөөдөж байгаагаа бас үл мэднэ. Хэн ч үл хэлж өгнө. Тэгээд хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчийн дагалдан болъё гэтэл бие бага гэж тэнцсэнгүй. Хүссэн юм нь тэр байв уу, бас л биш. Нас 16 хүрлээ. Орой үдэш бөмбөгөр ногоон театр орох, кино ший үзэх, дөрөв, аравдугаар хороодын клубээр эргэлдэх болов. Түүнийг хөгжмийн эгшиг соронзон мэт татав. Ингэж чиг замаа олжээ. Тэгээд театрт ажиллан, 19-тэйдээ цэрэгт татагдаж, 1936 онд цэргийн клубын үндэсний хөгжмийн тэмцээнд түрүүлснээр тэр клубын хөгжимчнөөр шилжээд гурван жил ажиллахдаа анх хөгжмийн зохиол бичиж, тэр даруйд цэргийн дуу олныг зохиосон байна. Цэргээс театрт, театраас циркэд, циркээс Москвагийн хөгжмийн дээд сургуульд явав. Мэргэжлээрээ онц сайн төгсөж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Энэ завсар “Нэгдлийн тухай найраглал”, “Хаврын шувуу” гэдэг ёочингийн гоцлол, Товийн өглөө” лимбэний гоцлол, “Унаган жороо” шанзны гоцлол зохиож ардын уламжлал, сонгодог уламжлал хоёрыг хослуулсан нь гайхалтай. Үндэсний найрал хөгжмийг хөгжүүлэх талаар Мөрдорж үнэхээр хүчин зүтгэж, үндэсний хөгжмийн хэсэг байгуулаад тоглох, дуу хөгжим бичиж бүтээснээрээ үлэмжхэн гавьяатай. Түүгээр ч барахгүй хөгжмийн зэмсгийг нь олон болгох гэж үндэсний хөгжмийн түүх судлан, хөгжим нэмэн хэрэглэж байгаагийн дээр дэлхийн сонгодог хөгжмөөс үндэсний хөгжимд тоглохыг сэдэж, францын хөгжмийн зохиолч Бизегийн бичсэн “Кармен” гэдэг дуурийн алдарт оршил, оросын нэрт хөгжмийн зохиолч Глинкийн испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж, монгол үндэснийхээ хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн хөгжихөд асар их санаа, зүтгэл тавьж, амжилт олж байна. Мөрдоржийн хөгжмийг одоо ЗХУ, Чехословак, Хятад, Румынд үргэлжлэн тоглодог болжээ. Мөрдоржийн хөгжим ялангуяа ая сайтайгаараа ард түмэнд ойлгомжтой бөгөөд ардын болоод сонгодог уламжлалыг хослуулахыг зорьсондоо хөгжим сонсогч олны чихэнд чимэгтэй байдаг билээ. Үүнээс гадна Мөрдоржид олон олон сайхан ая хадгалаастай бий. Тэр аяны зарим нь түүний нэрд гарсан бүтээлийг давахаар бий. “Та энэ аянуудаа гарга” гэж би олон удаа шаардаж үзсэн. “Байж л байг” гэдэг юм. Арга ч үгүй юм даа. Германы алдарт зохиолч Брехт хэлэхдээ “Жинхэнэ яруу найрагч хүн арван мянган шүлэг бичиж, зуун шүлэг хэвлүүлдэг юм” гэсэн билээ. Гагцхүү харамсалтай нь одоо хүртэл Мөрдоржийн бүтээлийг эмхтгэн хэвлүүлсэн нь бараг алга. Зөвхөн дуу гэхэд 280 дуу зохиожээ. Үүний нэг нь өглөөний радио нэвтрүүлэг эхлэхэд эгшиглэж бид бүхний сэтгэлийг сэрээдэг. Нөгөө нэг нь оройн нэвтрүүлэг завсарлахад эгшиглэж бид бүхнийг амраадаг. Энэ хоёрын хооронд бусад дуу нь амьдралын түмэн чавхдасаар бидэнтэй танил билээ.1963 он
Зохиолч М. Цэнджав