Monday 12 November 2007

Балингийн Цэрэндорж 1868-1928

Хан Хэнтий нутаг. Монголын тулгар төрийг үндэслэн, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулсан эзэн богд Чингис хаанаас эхлээд ард түмэн, Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан Цэрэндорж байлаа.
Хүн болох багаасаа... ухаант ардын маань мэргэн үг. Эцэг Балин нь хүү Цэрэндоржийнхоо ой гойд, сэрэхүй тунгалаг болохыг ажиж мэдээд, б, 7 наснаас үсэг холбож, үг зүйхтэйгээ болгосноор балчирхан түүний билгийн нүд гийж эхэлжээ. Гэвч Цэрэндорж хүүд эцгийнхээ элбэрэлийг удаан хүртэх хувь тохиосонгүй, бүл эмтрэн ахуйд бага насаа өнгөрөөхөд хүрчээ. Амьдралын эрхээр эх Мөнгөнхүү нь хүүгээ дагуулан Их Хүрээнд орж суурьшсан байна. Хэдийгээр Манжийн ноёрхолд байсан боловч, тэр үеийн Монголын улс төр, соёлын нэг гол төв болж байсан Их Хүрээний нөөлөг Б.Цэрэндоржийн үзэл бодол, зан чанарын хувьд төлөвших нийгмийн орчинг бүрдүүлж, түүний амьдралд огцом эргэлт гаргажээ. Юуны өмнө, тэднийг Их Хүрээнээ ирэхэд эцгийн нь хуучин танил, нэг нутаг усны хэмээн халуун сэтгэлээр элгэмсэг хүлээн авсан Цагаан-Өвгөн зайсан, аривжих зайсан нар өөрсдөө эрдэм номын далайг захалсан хүмүүс байсан нь Цэрэндорж хүүгийн оюуны зулыг бадраахад тоо нэмж өгчээ.

Тэрбээр балчирхан байсан авч, эцгийнхээ амлуулсан эрдмийг хичээл билэгээрээ тэтгэн тордсоор монгол бичигт ихэд доторлож, улмаар манж, хятад хэл сурч эхэлжээ. Цэрэндорж харь хэл сурах авъяастай нэгэн тул тэр үеийн томоохон сэхээтний мэдвэл зохих манж, хятад хэлийг гаргууд эзэмшжээ. Ярианы хэлд төдөлгүй зүгширэхэд Амгаланбаатар хотын орчин нөлөөлсөн бололтой.Тэрбээр 16 наснаасаа тухайлбал 1895-1911 онд Их Хүрээн дэх Манж сайдын газар бичээч, Оросын консулын яамны дэргэдэх орчуулагчийн сургуулийн багш, мөн Манж сайдын яаманд орчуулагч түшмэл, Монгол жинхэнэ б-р зэргийн түшмэлийн алба хашсан нь мэдсэн, сурсанаа үйлдлэгт хэрэглэх, төрийн албан хэрэг хөтлөх, дотоод, гадаадын хунтэй ажиллах арга барилд дадлагажих, харийн, тэр тусмаа том гүрнүүдийн бодлогын өнгө төрхийг таних зэрэг төр засах ухаанд мэргэшүүлж өгчээ. Энэ завсар Б.Цэрэндорж төрийн хэрэг, номын үйлд авъяаслаг нэртэй түшмэдүүдтэй танилцаж, тэдний эрдэм ухааны нигууртай хишгийг сүслэн хүртэх болсноор түүний үгийн өнгөнд эртэйн төрх, номтойн шинж мэдрэгдэх болсон байна.

Амьдралын их сургууль түүний угийн хүнлэг төрх, сэтгэл оюуныг улам хөглөж, төрийн зүтгэлтний төв эрхэмсэг шинж суухад хүчирхэг түлхэц үзүүлжээ. 1911 оны үндэсний хувьсгал ялж, шинэ тулгар Монгол улс тусгаар тогтносноо дэлхий дахинд тунхаглан зарлав. Чингэснээр Б.Цэрэндорж үндэсний хувьсгалын гол удирдагч Чин ван Ханддоржийн толгойлсон Гадаад явдлын яамны дэд түшмэл, улмаар дэд сайдын тушаалд тохоон томилогдсон байна. Энэ үеэс тэрбээр төрийн тулгам их үйл, улс төрийн бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн учир холбогдлыг бие сэтгэлээрээ ухаарах болжээ. Сайхь хүмүүн Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, VIII Богд Жибзундамба нарын гарт нухлагдаж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг чанараас өөртөө шингээж байв. Тэр үед Ханд чин вантай шадарлаж байсан Дагва мээрэн: "Тэр үед би залуу байж. Алдаж омтгойтох нь олонтаа. Тэр болгонд Ханд чин ван:.

- Та нар Цэрэндоржоос сур. Түүний алхах гишгэхээс аваад албан хэрэг хөтлөх, аашилж авирлах, эрдэм номд шимтэхээс нь үлгэр ав" гэж бидний хэдэн түшмэлийг зэмлэдэг байсан " (1) хэмээн дурсан ярьж байсан юм.

Тэрбээр Чингисийн удмын хана сайт төрийн түшээ, Сайн ноён хан Намнансүрэн. Чин ван Ханддорж нарын хамт Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, 1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийн үед улс Монголын эрх ашгийн төлөө ухаан зарж, түших хань нөхрөө зөв сонгон эрэлхийлэх зэрэг олон чухал үйлсэд хүчин зүтгэжээ. Тухайлбал, Б.Цэрэндорж Орос улсаас Монголд цахилгаан мэдээ, төмөр зам барих тухай гэрээ хэлцэл байгуулах баримт бичгийн төсөлд Монгол улсын эрх ашигт харшилсан санаа байгааг цөлх ухаандаа тунгаан олж харжээ. Энэ бичигт: "Цэрэндорж би болбоос Богд эзний хэтэрхий хишгийг хүртэж, гадаад лугаа холбогдох хэргийг таслан шийтгэх хүнд тушаалыг хүлээсний тул эрхгүй хэрэг бүрт үнэн шударгыг барьж, улсын найрамдлыг улмаар зузаатгахыг туйлаас хичээмүй. Юун аюумшиггүй хааш яаш явж, хоёр улсын найрамдалд хорлол болгохыг хичээх билээ.

Тийн хэмээвч хааяа олны аж ахуйд ба улс төрийн эрх ашигт хэтэрхий хорлол бүхий хэрэг тохиолдвоос мэдсээр дув дуугүй өнгөрүүлж хэрхэвч үл түвдэх бөгөөд энэхүү төмөр зам ба Цахилгаан мэдээний хэргийн дотор бидний улс төрд их л харшлалтай зүйл буй тул үнэхээр санаа татгалзахаар барахгүй тэр ч байтугай улс төрийн түшмэлийн тушаалын хүн цөм эрхбиш өөрийн улсын албат ардын ашгийг батлан хамгаалахыг хичээх нь зүй мөн болох явдлыг эрхэм генеральный консул сайд та гүнээ толилох тул Цэрэндорж би дэмий л олон үг нуршиж яахийм" гэж бичээд асуудлыг нэгэнтээ буцааж, нягтлан арай өөр байдлаар дахин томъёолуулж байжээ. Б.Цэрэндорж манайх шиг бага буурай орон хөрш хоёр их гүрний улс төрийн бодлогын эсэргэцэлд хэрхэн дэнслэгдэж байсныг бие сэтгэлээрээ мэдэрч, эгзэгтэй агшин бурийг улс Монголынхоо эрх ашигт эерэгээр эргуүлэх гэж ухаан бодлоо чивчрүүлж байсан төрийн ухаалаг зүтгэлтэн байсан юм.

Тухайлбал 1915 оны гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Дундат иргэн улс өөрийн эзэн эрхээ бататгахын тулд Монголын төр, шашны Жибзундамба хутагтад «Богд хаан, цол олгож, «Алтан өргөмжлөл» гэгчийг гардуулах гэж шамдахад Цэрэндорж хал үзэж, халуун чулуу долоосон улс төрийн зүтгэлтний хувьд дипломат арга эвээр мухарлах гэж удаа дараа оролдсоор байлаа. Хятадын удаа дараагийн шаардлагын эцэст автономит Монголын Засгийн газрын өмнөөс Б.Цэрэндорж 1916 оны III сарын 3-нд Дундат иргэн улсын Бүгдийг хамгаалах сайд Чэнь Лү-д Богд хааны тамга өргөмжлөлийг хүлээн авах ёслолоос татгалзаж байгаагаа: "Дундат иргэн улсын томилсон, өргөмжлөл гардуулах хоёр түшмэл нь дээд зэрэглэлийн түшмэл найман хүн ба хэлмэрч зэрэг хүмүүсийг дагуулан ирэхэд 50-60 хүнээс цөөнгүй болно. Үүнийг Ар Монголоос зочлон дайлахад зовиуртай.

Хоёрт Богдын хоёр нүд мөргүй болсноос хойш бие мөч нь хөдөлгөөнгүй болсон тул мэхэлзэх зэрэг олон хүнд хүчир ёслол гүйцэтгэж чадахгүй" хэмээн шалтаглахад Хятад сайд: "Томилсон хүмүүсийг хасч болиулахаас гадна ёслолын хунд хүчрийг ч бас ярилцаж болох юм" гэжээ. Тэгэхэд Цэрэндорж: "Манай санал бол өөр хүнийг томилон ирүүлэхгүй, бүгдийг хамгаалах сайд үүгээрээ гүйцэтгэж ёслолыг хүндрүүлэхгүй бол хэлэлцэж болно. Гэтэл өргөмжлөл бичгийн үгийг бид мэдэхгүй байгаа тул түүний үгийг урьдаар цахилгаанаар мэдэгдэж болох эсэхийг лавласан" (2.95) ажээ. Ингэж цааргалсны эцэст алтан тамга, навчит өргөмжлөлийг Хүрээн дэх сайд Богд Жибзундамбад даруухан гардуулсан байна.
1915-1919 оны хугацаанд Б.Цэрэндорж Гадаад яамны сайдын хувьд Орос, Хятадын бодлогын тэнцвэрийг олох гэж төрийн бодлогын мяндсан ухаан зарж байсан юм. Чингээд Сюй Шүчжэн 1919 онд Монголын автономит эрхийг устгажээ.

Сюй генерал Монголын эрх баригчдыг сүрдүүлэн автономит засгаа "сайн дураараа" устгахыг "хүссэн" өргөдөл гэгчийг Дундат иргэн улсын Ерөнхийлөгчийн нэр дээр 1919 оны 11-р сарын 15-нд гаргуулан авчээ. Түүнд Төрийн яамдын тэргүүн, дэд сайд 16 хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү өргөдөл гэгчийг Сюй генералд гардуулах монгол хүний хувьд гутамшигтай боловч, хэн нэгэн тэр тусмаа Автономит улсын Гадаад яамны сайд байсны тухайд тойрч гарах аргагүй хүнд хэцүү үүрэг, түүхэн хувь заяа Б.Цэрэндоржид оногджээ. Эл үйл явдалд тэрбээр оролцсон нь эх орноосоо сэтгэл урвасан хэрэг биш, хүчинд автаж аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл, хожмын өдрийн хожлыг тооцсон алхам байсан гэлтэй. Улс орны эрх ашгийн асуудал хөндөгдсөн эгзэгтэй мөч бүрт харийнхны өөдөөс Монгол улсын нэрийн өмнөөс нэг биш удаа нүүр тулж чадахаас чадахгүйгээ хүртэл үзэлцэж байсан сайхь зүтгэлтэн улс орон тусгаар тогтнолоо алдсаныг баталгаажуулах үүрэг гүйцэтгэж байх үедээ элэг нь эмтэрч, зүрх нь шимшрээгүй хэмээн өдгөө хэлбэл алдас болох буй заа.

Б.Цэрэндорж 1915 онд Гадаад явдлын яамны сайдаар дэвшин ажилласан хэдий ч мэдэлтэй байна гэдэг бол мэдлэгтэй байна гэсэн үг хэмээн улам эргэцүүлэн ухаарч, бие, сэтгэл, хэл гурвын үүднээс гурван цагийн номыг бясалгаж, оюун билэгээ ирлэж байсан юм. Түүний нэгээхэн хэсэг нь эрдэмтэн зарим нөхдийн хамтаар «Хүйтэн уулын бичиг» түүхэн романыг хятад хэлнээс хөрвүүлэн 115 дэвтрээр товхиж, мөн Богд хааны зарлигаар «Эмийн найрлага, элдэв өвчнийг хялбар анагаах нь», «Эмийн нэрс», «Монгол, хятад сарсан нүдний эмийн найрлага» зохиолыг орчуулж байсан явдал юм. Улс орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялан мандав. Ардын шинэ засагт мэдлэг боловсролтой сэхээтэн ус, агаар мэт хэрэгтэй болжээ. Энэ үед Үндэсний ардчилсан хувьсгалыг талархан дэмжиж байсан Б.Цэрэндорж ардын төрийн албанд бүр эхнээс нь хичээнгүйлэн хүчин зүтгэж, 1921-23 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэл, мөн яамны сайдаар ажилласан байна.

Энэ үедээ тэрээр Монгол, Оросын хоорондын найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээ байгуулах анхны төлөөлөгчдийн бүрэлдэхуүнд орж, түүнд гарын үсэг зуралцсан хийгээд В.И.Ленинд бараалхсан тухайгаа 1926 онд Залуучуудын эвлэлийн сэтгүүлд бичиж үлдээжээ. Б.Цэрэндорж 1923 оноос шинэ тулгар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж эхэлжээ. Тэрбээр үзэл бодлын хувьд тууштай үндэсний ардчилсан үзэлтэн байсан юм. Ерөнхий сайд Б.Цэрэндорж орон нутгийн засаг захиргааг ардчилсан үндсэн дээр өөрчлөх, анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, Бүгд Найрамдах улсыг тунхаглах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр эхлээд шинэ тулгар Монгол Улсын Үндсэн хуулийг Англи мэтийн орнуудыг жишиг болгон боловсруулахыг чухалчилж байв. Б.Цэрэндорж орон нутгийн засаг захиргааг ардчилах, Улсын I их хурлын бэлтгэлийг хангах, анхны Үндсэн хууль боловсруулах, өөрөөр хэлбэл төрийн шинэ тогтолцоог бүрэлдүүлэх, гадаад харилцаа, төр, аж ахуй, санхүүгийн холбогдолтой 60 гаруй хууль дүрэм, тогтоол боловсруулахад голлон оролцож байв.

Ерөнхий сайд Б.Цэрэндорж үндэсний ардчилсан үзэл баримтлаж бүхий л үйл ажиллагаагаа шинэ тулгар Монгол улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хангахад чиглүүлж байсан байна. 1924 онд Орос, Хятад хоёр Монголын тусгаар тогтнолын талаар хэлэлцэж буй үед Ерөнхий сайд Б.Цэрэндорж "Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл" хэмээн мэдэгдэж байв. Хичээнгүй сайдын Ардын төрийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн замнал тийм хялбар шулуун дардан байсангүй. Хэт хувьсгалчирхаж, зүүний балчиг намагт живсэн залуус түүнийг хуучны түшмэл "баруунтан" хэмээн дайрна. Оросын сургагч нар тус улсын дотоод хэрэгт хуруу, хушуу дүрнэ. Хятадын эрх баригчид Монгол дахь хуучин ноёрхлоо санагалзана. Ялангуяа 1920-иод оны дунд үеэс Зөвлөлт Орос Улс, Коминтерний зүгээс Монгол улсын дотоод хэрэгт оролцох нь улам ихэссэн үед Б.Цэрэндорж ээдрээтэй асуудал бүрийг Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс ухаалаг шийдэх гэж оюун бодлоо хөвчрүүлж байлаа.

Ардын засгийн өндөр албанаа их зонхи нь боловсрол багатай, туршлагагүй хүмүүс томи-логдсон учраас Хичээнгүй сайдын оролцохгүй салбар гэж байсангүй. Гэвч ингэж зүтгэсний хариуд Коминтерний зүгээс аятай үнэлэлт сонсож байгаагүй юм. Коминтерний төлөөлөгч М.Амгаеваас 1927 оны VIII сарын 31-нд дээд газраа өргөсөн онцгой нууцын зэрэглэлтэй илтгэх хуудсандаа: "Бага Хурлын дарга Гэндэн ер нь Бага Хурлын бүх тэргүүлэгчдийн нэгэн адил одоо болтол ямар нэг тодорхой практик ажилгүй байна. Учир нь Цэрэндорж дээд засгийн онцгой эрх мэдлийг хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй байна. Гадаад явдлын яамны өдөр тутмын ажлыг удирдахыг эрмэлзэн, сайдын хувьд Дорлигжавын ролийг үгүйтэй адил болгож байна" (3,169) гэж бичжээ. Коминтерний зүгээс үндэсний ардчилсан чиг шугам баримт-лагчдын цаана Б.Цэрэндорж байгаа гэж үзэж байв. Ийм учраас 1924 онд Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов Жамсрангийн Цэвээнийг Б.Цэрэндоржийн дотоод сэтгэлийн илрэл буюу "барометр" хэмээн тодорхойлж байлаа.

Элдвээр хавчин шахагдсан болон бас ч цаг үеийн шаардлагыг хангахгүй болж байгаа болов уу хэмээн хаширлах үүднээс Хичээнгүй сайд албанаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл өгч байв. Чухам ийм үед хүртэл А.В.Шотман, Охтин нар Цэрэндоржийг албан тушаалаас нь зайлуулбал "...Монголд иргэний дайн, бослого гарч магадгүй" хэмээн бэндэн болгоомжилж байжээ. Ийнхүү "Булавч бултайна даравч далдайна" гэгчээр Хичээнгүй сайдын үйл ажиллагааг Зөвлөлт Орос Улсын зүгээс өөрийн эрхгүй эерэг үнэлэхэд хүрч байсан юм.Б.Цэрэндорж аливаа асуудлыг улс үндэстний эрх ашгийн үүднээсээ эе эвээр ухаалаг шийддэг зүтгэлтэн байсан учраас "Хичээнгүй сайд" хэмээн олонд алдаршжээ. Энэ бүхний иш үндэс нь түүний төрөлх цөлх ухаан, гадаад гүрний улс төрийн бодлогын битүү утгыг тайлж, далд санааг таньж мэдэх чадвар. олон улсын харилцааны эрх зүйн өргөн боловсрол, манж, төвд, хятад, орос гадаад хэлний гүнзгий мэдлэг, бараг нэгэн жарныг барагдтал төрд зүтгэсэн арвин их дадлага туршлага, угийн төв төвшин эгэл чанарт байсан билээ. Ийм ч учраас Дундат иргэн улсын эрх баригчид тухайлбал Сюй Шүчжэн түүнийг "Ар Монголын хөгшин чоно" хэмээн хорсон нэрлээ буйзаа.

Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн үндэсний ардчилсан чиг шугам баримтладгийг Коминтерн мэдсээр байсан боловч түүнийг Засгийн газрын тэргүүний албан тушаалаас зайлуулах нь нийт Монголчуудын дургүйцлийг хүргэж мэднэ хэмээн болгоомжилж байсан билээ. Монголын хувьсгалын хэрэгт бүр эхнээс нь оролцсон Б.З.Шумяцкий "Цэрэндорж бол хэд хэдэн ном бичсэн тухайлбал, Парламентын ардчиллын тухай нэг ном, мөн Монголын нөхцөл байдалд инээд хүрмээр санагдаж болох сэдэв олон улсын эрх зүйн тухай бас нэг ном буй. Эдгээр ном зохиогчийн эрдэм мэдлэг гаргууд гэдгийг харуулж байна" гэжээ. Оросын Бүрэн эрхт төлөөлөгч А.М.Васильев "Цэрэндорж бол төрийн их ухаантан, үнэнч шударга, хахуульд үл автагч, ардчиллыг эрхэмлэгч, энэ бол хүнийх нь хувьд ч түүний гол шинж чанар мөн" гэж дээд газраа өргөн айлтгаад Сюй Шүчжэний тодорхойлолтоос "Ар Монголын хөгшин чоно" гэсэн хэсгийг иш татан тэмдэглэжээ.

Б.Цэрэндоржийг хүндээр өвчилмөгц Монгол улсын Засгийн газраас: - Бид таныг П.Н.Шастин эмчид хэд хэд үзүүлсэн. Таныг ЗХУ юм уу, Германд даруйхан явуулж мэс засал хийлгэхээс өөр эмчилгээгүй учир улсын хүчээр зохих газарт нь явуулж эмчлүүлэхээр бид шийдлээ гэж мэдэгдэхэд Б Цэрэндорж. - Би явахгүй нөхөд минь, бид саяхан тусгаар тогтнолоо олж, эрх чөлөөт төрийг тулгар байгуулаад манай улсын сан хөмрөг нимгэн байна. Ийм үед үхэх болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа хэмээн улсын сан хөрөнгийг хохируулж болохгүй" гэж татгалзсан тухай Б.Цэрэндоржийн хүү Юндэнтэй олон жил үерхэж, сайхь Ерөнхий сайдтай уулзаж учирч байсан Ядамсүрэн гуай тэмдэглэжээ. Б.Цэрэндорж насан огштлоо улс Монголоо гэж амь хайргүй зүтгэсээр 1928 оны 11 сарын 13-нд хан хорвоогоос халин одсон юм. Б.Цэрэндоржийг нас барсантай холбогдуулан хийсэн эмгэнэлийн цуглаан дээр эрдэмтэн Жамсрангийн Цэвээн хэлсэн үгэндээ: "Нөхөр Цэрэндорж агсны байдлыг ажиглаваас чухамхүү чин зоригт гайхамшигтай баатар эр хэмээж болмоор асан.

Юу хэмээвээс тэр амьд ахуйдаа албан хэргийг явуулан шийтгэхэд хэдүй насан буурай болсон атугай ч гаргаж хэрэглэсэн бодлого ухаан ч тун онцгой тасархай мэргэн, аливаад уйдах чилэхийг бодохгүй туйлын их идэвх хичээнгүйтэй, ямар хэрэг явдалд гэнэдэж хууртах нь үгүй, нягт хянамгай, огт хөдөлбөр шилжвэргүй, манай улсын тулгуур төрийн түшиг багана мэт хүн байсан бөгөөд хятад, оросын зэрэг гадаадын шунахай этгээд уран сайхан үгээ өмнөө бариад, араг савраа хойноо үүрээд ирэхэд хууртагдахгүй мэргэн, айлган сүрдүүлэх гэвэл айхгүй баатар, худалдаад авъя гэвэл худалдагдахгүй шударга, элдэвлэн хатгаж өдөөвч хөдлөхгүй бат, хэзээд Монгол үндэсний газар ус, ард түмэн, улсын эрх мэдлийг алдахгүйг цаг ямар бодолхийлэн оролдож явсан хавтай баатар эр хэмээвээс болно" хэмээн тэмдэглэжээ. Түүний алдрыг мөнхжүүлэн, Улаанбаатар хотын нэгэн гудамжийг Б.Цэрэндоржийн нэрээр нэрлэн, хөшөөг нь босгожээ Түүний үйл хэрэг монгол түмний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдана. Өнөөгийн монгол орон, зон ардын заяа түшиж олон олон хичээнгүй мэргэн төрийн түшээ нар төрж, төр түмнээ ивээх болтугай.

1 comment:

Барбагш нар нь said...

Сайн байна уу, сайхан блог байна. Балингийин Цэрэндоржийн тухай хятад хүн, хятадын тагнуул гэж л баахан юм уншсан. Итгэхгүй, эрхбиш үгүй л байх ёстой гэж бодож явсаар таны энэ бичлэгийг үзлээ. Баярлалаа.