Monday 12 November 2007

Доголон Төмөр хаан [1336-1405]

Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.
Доголон Төмөрийн олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж төдсөнгүй ханы хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр үед барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан түүний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хүйс тэмтрүүлжээ.

Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бүрдсэн Тогтох хан, түүний хүү И. Хожи нартай дайтаж төдсөнгүй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ.

Энэ үеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү И. Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ.

1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТөмөр хүлээн зөвшөөрсөнгүй, цэргийн хүчээ Монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Төмөр чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ” Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал.” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.

Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй.

Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хүнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сүх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна, торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хүнд морин цэрэг дайн байлдааны үед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зүйлсээ ачиж явдаг байна. Түүнээс гадна отолт, бүслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бүхий тус бүр нь гучин сум бүхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нүд гялбахгүй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ. Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, ” Арав дахь дайралт ялалт авчирна.” гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргүүцэл үзүүлсэн дайсны цэргүүдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй, удсангүй бууж өгчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Өргөмч хотынх нь бүх оршин суугчийг хүйс тэмтэрчээ. Энэ үед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж түймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рүү морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бүр зэвсгийн хүчээр дарж хот, сууринг нь түймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хүйс тэмтэрч байжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчүүд ялагдашгүй гэж үзэж байсан Мератх хот- цайзыг бүсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бүх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж деличүүд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж байлаа.

Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо ( өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирүүд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мөн л үнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдүгээр сарын 25- нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг мөн цааш харуулжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдүгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангүй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бүслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг туркийн талын хөлсний крымийн татар, серб болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ. Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гүрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.

No comments: