Monday 12 November 2007

Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1878-1919

1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна.
XX зуун Манж чин улсын хоцрогдсон бөглүү хязгаарын нэг байсан Азийн цээжинд орших эртний түүхт Монгол нутгийн хаалгыг дэлдлээ. Шинэ зуун монголчуудад шинэ эрин, сэргэн мандах хувь заяаны түлхүүрийг атгуулж өгсөн юм. 1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна. Ингэж шинэ тулгар улсаа сэргээн мандуулах, улс төр, нийгэм-эдийн засгийн шинэтгэлийг түүчээлэн хөтлөх амаргүй үүрэг, хариуцлага Чингисийн удамт сайхь зүтгэлтэнд оногджээ.
Тэрээр XV жарны шар барс жил буюу 1878 онд алтан ургийн сурвалжит Сайн ноён Төгс-Очирын хоёр дахь хөвүүн болон мэндэлсэн байна.

Төгс-Очир ноёнтон хүү Намнансүрэнгээ багын цовоо цолгиун, оюун төгс чанарыг нь таашааж, Манжийн хаанд хошуу засаг залгах, голомт сахих хөвгүүн болохыг өргөн мэдүүлжээ. Тэр цагаас монголын удамт талын язгууртны уламжлал ёсоор Намнансүрэн хөвгүүнд тусгай багш гарган, номоор төрийг засах, төрийн хэргийг ёсчлон гүйцэтгэх, ард олноо ачлах, баалах эрдэм ухаанд сургаж эхэлсэн байна. Тэрээр монгол бичигт нэвтэрч, манж, хятад хэл сурчээ. Түүх шаштир судлан, улс төрийн бодлогын ээдрээ нугачааг эргэцүүлэх болов. Түүний багш Чимиддорждоной хэмээх түшмэл монгол хар ухаантай, хашир нэгэн байсан тул ард Доодсын амьдрал, монгол ахуйг мэдрүүлж ухааруулахыг хойш тавьсангүй. Үүний ачаар Намнансүрэнд эгэл агаад хүмүүнлэг, ардыг ачлах ухамсар төлөвшсөн юм.

Тэрээр 1896 онд эцэг Төгс-Очирыг насан элсний дараа хошуу засаг залгамжлав. Мөн Сайн ноён цол, Чин вангийн хэргэмийг уламжлан авчээ. Тэр үед Намнансүрэн эр төөлөх насанд хүрч байсан боловч, угийн ухаан төгөлдөрийн ачаар төрийг албыг түгдрэлгүй залгуулж эхэлжээ. Түүний нотолгоо нь удалгүй аймгийн чуулган даргаар томилогдсон явдал юм. Тэрээр харийн эрхшээлд санаснаа хэрэгжүүлэх боломжгүйг улам бүр мэдрэх болов. Гал, усны гашуун зовлонд автсан зон олноо хараад цөс доргин зүрх шимширч байлаа.

Сайн ноён хан Намнансүрэн Манжийн "Шинэ засгийн бодлого" гэгчийг бүр эхнээс нь эсэргүүцэж, Чин ван Ханддорж нарын тусгаар тогтнох үйл хэргийг боломжтой бүх аргаар дэмжиж байв.

1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноёд ихэс, том лам нарын нууц хуралдаан Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын санаачилга, удирдлагаар болоход Сайн ноён идэвхтэй оролцож, Монгол тусгаар улс болох үйл хэргийг бүрэн дэмжиж байлаа. Ийм учраас Ханддорж нар Хаант Оросоос тусламж эрэхээр зорихдоо авч явсан Богд гэгээн, Халхын 4 хан нарын бичигт Т.Намнансүрэн гарын үсэг зурсан юм.

1911 оны үндэсний хувьсгал яллаа. Эл үйл хэрэгт Т.Намнансүрэнгийн гавъяа зүтгэлийг үнэлж, Богд хаан нэгэн зарлигтаа: "Сайн ноён Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, шадар сайд болгогтун" (14.125) гэжээ. Удалгүй хэдэн сарын дараа Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсоныг өмнө өгүүлсэн билээ.

Т.Намнансүрэн тун хариуцлагатай албанд тохоон томилогдсондоо сэтгэл зовингуйравч, улс Монголынхоо төлөө бүхнээ зориулахаар зориг шулуудан, ухаан бодлоо чиглүүлэн зүтгэж эхэлжээ. Эн тэргүүнд тулгамдсан зорилт бол тусгаар тогтнолоо хоёр их хөрш, цаашилбал олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх явдал байв. Иймээс хойд их хөрштэйгээ найрсаг харилцаа хөгжүүлэх чиг баримталж, 1912 оны XI сарын 2-нд Монгол, Орос хоёр улсын найрамд-лын гэрээ, 1913 оны II сарын 3-нд Монгол, Орос хоёр улсын хэлэлцээр байгуулж, гарын үсэг зуржээ.

1912-1913 оны заагаар Гадаад явдлын яамны тэргүүн сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Хаанд Орос улсад илгээж, дэлхийн олон улс гүрэнд нот явуулсан боловч, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлаар нааштай хариу сонссонгүй. 1913 оны X сард Ерөнхий сайд Намнансүрэн өөрөө төлөөлөгч тэргүүлэн Хаант Оросыг зорив. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засагт ван Удай, Гадаад яамны дэд сайд, хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны дэд сайд, бэйс Чимиддорж, Да лам Пунцагдорж, эрдэмтэн Жамсран-гийн Цэвээн зэрэг 28 хүн орсон байна.

Төлөөлөгчдийн улс төрийн гол зорилт бол Барга, Өвөр Монгол, Хөх нуурын зэрэг монгол туургатныг нэгтгэсэн Монгол улс байгуулахыг Хаант Оросоор хүлээн зөвшөө-рүүлэх, дэмжүүлэх явдал байлаа. Энэ нь амаргүй хэрэг байв. Учир нь 1913 онд Орос, Хятадын Бээжингийн тунхаглал гарч, Монголыг Хятадын эзэн харъяаны автономит улс гэж Монголын оролцоогүй шийдсэн байсан юм. Мөн төлөөлөгч-дийн ажил хэрэгт Хаант Орос улсаас санхүүгийн дэмжлэг авах, Оросын нийслэлд Монгол улсын элчин консулын газар байгуулах зэрэг дагалдах асуудлууд оржээ.

Хаант Орос улс Монгол улсын Ерөнхий сайдыг найр тавин, ёслол төгөлдөр угтан авсан юм. Сайн ноён хан ТНамнансүрэн Хаант Орост 3 сар шахам байх хугацаандаа Хаант Оросын Сайд нарын Зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзсаны дээр II Николай хаан түүнийг хоёр ч удаа хүлээн авч ярилцсан нь Монголын асуудалд зохих ач холбогдол өгч, анхааралтай хандаж байсны илрэл юм.

Шинэ тулгар Монгол улсын Ерөнхий сайд ч Оросын Их эзэн хаанд дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, хөлд нь суух бодлого баримталсан юм. Тэрээр II Николай хаан болон Оросын бусад эрх баригчдад улсынхаа төрийн дээд шагнал
"Эрдэнийн Очир" одонг гардуулж, хадагны дээдийг дашлуу-лан барьж, үндэсний өвөрмөц хийцтэй үнэт бэлэг сэлт өргөн барьсан бөлгөө. Үүний ялдар Сайн ноён хан Хаант Оросын талд хандаж, "Эрхэм улс манай Монгол улс байгуулагдсаныг Хятадад хүлээлгэн, гурван этгээдээр хамт нийлэн хэлэл-цүүлсүгэй. Гагцхүү солилцсон бичигт манай язгуурын нутаг газрыг Хятадын хэмээсэн ба нэг үндэсний Өвөр Монгол ба эдүгээ дагаар орсон олон монголчуудыг хамаагүй болгосон эл хоёр зүйлийг хэрхэвч хүлээж чадахгүй" гэж зориг төгөлдөр мэдэгджээ. Энэ нь 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн хэрэг байлаа. Оросын эрх баригчид эл асуудалд нааштай хариу өгөхгүй цааргалж, булзааруулсаар байсан юм. Ийм нөхцөлд Т.Намнансүрэн өөр арга сүвэгчлэн Петербургт сууж байсан Англи, Америк, Япон, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри, Хятад зэрэг арван улсын элчин сайдад Монголын тусгаар тогтнолын асуудлаар нот явуулав. Хятадаас бусад нь нотыг хүлээн авсан юм. Гэхдээ Хаант Оросын Гадаад яамны явуулгын улмаас уг нотод хариу авах асуудал унтарчээ.

Улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүйгээс болоод эдийн засаг, дипломатын хэрэг ч явцгүй болж байв. Петербургт Монголын элчин консулын газар нээж, хичээнгүй гүн Б.Цэрэндоржийг үлдээх асуудал шийдэгдсэнгүй. Монгол оронд шинэтгэл хийхийн тулд Хаант Оросоос хүссэн санхүүгийн дэмжлэг ч улс төрийн асуудлаас болж эцэслэн шийдэг-дэхгүй байв. Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросын эрх баригчидтай уулзах бүртээ: "...Манай улс тулгар төрийг сая нээсэн бөгөөд санхүүгийн зүйл арвитгагдаагүй, аливаа дутагдах зүйл үлэмж тул урьдын зээлэх хэмээсэн мөнгө ба улсын банкны явдлыгтүргэлэн гүйцэтгэх ажаамуу" (15.114) хэмээн хүссээр байлаа. Оросын эрх баригчид баахан цааргалсны эцэст "Монгол дахь манай нийт байр суурийн үүднээс үзвэл, Сайн ноёныг гар хоосон буцаалгүй дэмжих явдал тун чухал байна" гэж үзжээ. Чингээд Хаант Орос улс Монголд 3 сая рублийг 30 жилийн хугацаагаар зээлдүүлэх болов. Энэ нь бас Сайн ноён хан уг асуудалд ухаан сийлж, ултай хандсаны үр дүн байлаа. Гэвч Хаант Оросын Засгийн газар уг зээллэгийн зарцуулалтад хяналт тавих төлөөний түшмэлийг Их хүрээнд суулгах болзол тавьжээ. Эл саналыг Намнансүрэн хүлээж авалгүй татгалзжээ. Ерөнхий сайд уг санал Монгол улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг гэж үзэхийн хамт Да лам Цэрэнчимэд зэрэг сайдууд Хаант Оросоос зөвлөх өгч магадгүй, тийм тохиолдолд түүнийг огт хүлээж авч болохгүй гэж хэлснийг дотроо эргэцүүлэн санас-ных байжээ. Гэвч Оросын тал Намнансүрэнг Монголын бүрэн эрхт төлөөлөгч гэж үл итгэх, тэр ч байтугай зээл өгөхөө цуцлах хүртэл алхам хийх янзтай байсан тул арга буюу 1913 оны XII сарын 25-нд "Монгол улсын Богд эзэн хааны Засгийн хэрэг шийтгэх газраас Орос улсын харъяат Сергей Андреевич Козинтой хэлэлцэн тогтоосон гэрээ бичгийн зүйл" гэгчид гарын үсэг зурсан байна. Эл бичигт: "...Монгол улсын засгийн аливаа хэргийг зохион байгуулах ба улсын хөрөнгийг захирах хэрэгт зөвлөх түшмэл болгохоос гадна бас улсын засгийн хэргийг шинэтгэн засах дүрэм хэмжээг зохиолгоно" (16) гэж зөвлөх түшмэлийн үндсэн үүргийг тодорхойлохдоо "Засгийн хэргийг шинэтгэн засах" үүргийг онцлон тэмдэглэжээ. Мөн бага сага буу, зэвсгийн тусламж өгөх болсон байна.

II Николай хаан Т.Намнансүрэнг хүлээж авч уулзахдаа: "Битанай Монголд тусал гэж Засгийн газартаа заавал хэлнэ. Харин та нар их улс болох гэж битгий яар. Гурван улсын хэлэлцээрийн үед ч Оросын төлөөлөгчид танайд ашигтай бодлого баримтлана" гэсэн амлалт өгчээ. Т.Намнансүрэн Монгол туургатныг нэгтгэсэн улс байгуулах хэргийг Хаант Оросоор зөвшөөрүүлэх гэж хичээнгүйлэн зүтгэсэн боловч талаар өнгөрсөнд тун ч дурамжхан байлаа. Тэрээр: "Гагцхүү бидний Монгол анхан цагаас Оросын хамгаалалд түшсэн учир өчнөөн гурван жил болсон ч бусад улсад горилон одсонгүй, Дэмий л итгэж явсаар санамсаргүй Хятад лугаа хуйвалдан эзэрхэж гэрээ байгуулжээ. Чонын амнаас дутааж, барсын аманд орж хоёр улсад хэмх мэт хуваагдах нь илэрхий" гэж хэлсэн байна. Зүсэгдсэн мах эдгэрэн аньж, хугарсан яс бороолдог жамтай. Харин олон жижиг хуваагдсан хэмх эргэж эвлэхэд бэрх ажээ. Монголчууд дэлхий дахинд эдүгээ бутарсан хэмх мэт энд тэндтархжээ. ГэхдээТ.Намнансүрэн мэтийн ухаалаг зүтгэлтнүүдийн хичээл зүтгэлийн ачаар тэр цагт Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэх явдлыг Хаант Оросоор зөвшөөрүүлсэн нь маргашгүй том амжилт байлаа.

Т.Намнансүрэн Хаант Орост байх хугацаандаа улс орноо шинэтгэн өөрчлөхөд үлгэр дууриал болох бүхнийг соргогоор ажиглаж, цөлх ухаандаа эргэцүүлэн бодож байлаа. Тэрбээр Петербургт байхдаа мал эмнэлгийн сургууль, үйлдвэр, халуун цагт мах хадгалах зоорь, үхэр бууны цэргийн сургууль, орд харш зэргийг үзсэн нь түүний улс орноо шинэтгэх үзэл бодолд зул нэмсэн хэрэг болов. Сайн ноён хан бас хотын дарга, худалдаа үйлдвэрийн ажил хэрэгч хүмүүстэй уулзан, Оросын худалдаанаас гааль авах бодлоготой байгаагаа мэдэгдэн, энэ арга хэмжээг дэмжихийг тэдэнд уриалжээ.
Ерөнхий сайд Намнансүрэн буцахдаа замдаа Эрхүүгээр дайрч, тэнд сурч байсан монгол сурагчдын сурлага, аж байдалтай танилцан, хүүхэд бүрийн 15 рублиэр шагнаж урамшуулсан нь Монгол улс өөдлөн дэгжихэд боловсрол чухал хэрэгтэйг үнэлж, өсвөр залуу үеийнхний төлөө онцгой анхаарал тавьж байсны нотолгоо юм.

Монголын тусгаар тогтнолыг олон улсад зөвшөөрүүлэх талаар Хаант Оросоос дэмжлэг авах хэрэг бүтэлгүй тийшээ хандах болсны улмаас Т.Намнансүрэн өөр ямар нэг хүчирхэг улсын дэмжлэг авах арга зам сүвэгчилж, ажил хэрэг болгох гэж хөөцөлдөж байсан юм. Тэрээр Нийслэл Хүрээнд ирсэн Кодама гэгч япон хүнтэй 1913 оны IX сарын 20-нд уулзахдаа Хиагтын 3 улсын хэлэлцээр болох гэж байгаа тухай дурдаад, Япон улс дөрөв дэх орон болж гэрээ хэлэлцээрт оролцох боломж бий эсэх тухай лавлаж байв. Мөн Япон улсын эзэн хаанд Монголын тусгаар тогтнолын асуудлаар хоёр ч удаа хандаж байсан, Да лам Цэрэнчимэдийг 1914 онд Японд илгээх оролдлого хийсэн зэрэг нь Ерөнхий сайд Намнан-сүрэнгийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан юм.

Японы эрдэмтэн Тацуо Наками "Тусгаар тогтносон Монгол ба империалист гүрнүүд" хэмээх өгүүлэлдээ: "Намнансүрэн Богд хааны бичгийг Японы эзэн хаанд явуулж өгөөч гэж гуйсан байна. Тэрхүү бичигт Японы эзэн хаанаас дипломат харнлцаа тогтооё, бүх монголчуудаа нэгтгэе, туслаач гэж хүсэлт тавьсан байна. Орос улс тийш нь илгээсэн бичигтээ Монгол, Японоос хамааралтай байх дургүй, Япон бол 1912 оны нууц хэлэлцээрийнхээ үзэл санааг дэмждэг гэж бичсэн учраас Японы тал тэрхүү бичгийг задалж уншилгүй Монгол руу буцаасан" (17.2) гэжээ.

1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын хэлэлцээрт Намнансүрэн шууд оролцоогүй боловч, Ерөнхий сайдын хувьд хэлэлцээрийн явцтай байнга танилцаж, удирдамж, чиглэл өгч байлаа.
Автономит улс болсны дараа Ерөнхий сайд Т.Намнан-сүрэнгийн үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон хэдий ч Дундад Иргэн Улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадахын хирээр оролдож байв. Тухайлбал, Хятадын Ерөнхийлөгчөөс Богд хаанд алтан навчит өргөмжлөл олгож, Монголын автономитийг улам баталгаа-жуулах гэснийг янз бүрийн арга саам хийж, 1916 оныг бараг дуустал хойшлуулж байв.

Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар улс орны дотоод амьдралыг өөд татах талаар чамгүй зүйл санаж сэдэж байсан юм. Олон улсын парламен-таризмын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд байгуулжээ. Төрийн ёс, ёслолыг үндэсний хэлбэртэй болгож цэгцлэн, төр, засгийн байгууллагын бүх тамга, тэмдэг, төрийн сүлд, тугийг тусгаар тогтнолын билэгдэл болгосон алтан соёмбо бүхий зохион буй болгож, төрийн дээд шагнал, дэд, гутгаар зэрэглэлтэй "Эрдэнийн очир" одонг тус тус шинээр буй болгожээ. Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Үндсэн хуулийн төсөл боловсруулж байв Мөн улсын хууль зохиох комиссыг томилон ажил-луулж 1915-1918оны хооронд 65дэвтэр бүхий "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг" хэмээх хуулийг боловсруулжээ.

Тэрээр байнгын цэрэг бий болгох, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх хэрэгт томоохон хувь нэмэр оруулж байв. Түүний зэвсэгт хүчин байгуулахад оруулсан нэг томоохон хувь нэмэр бол 1913 оны II сарын 3-нд Орос улсын Засгийн газартай монгол цэргийг бэлтгэн сургах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан явдал юм. Т.Намнансүрэн Хаант Орост айлчлахдаа нилээд шаргуу хөөцөлдсөний үрээр их буу 6, пулемёт 4, винтов 2 түмийг худалдан авч байв. Мөн Ерөнхий сайдын шууд оролцоо, чармайлтаар 1913 онд Германаас 1000 буу, их буу, пулемёт тус бүр тавыг авсан мэдээ буй. Үүнийг батлах нэг мэдээ олдож буй бөгөөд Хятад дахь Англи, Америкийн тамхины пүүсийн төлөөлөгч Т.А.Рустад "Таймс" сонины сурвалжлагч Моррисонд бичсэн захидалдаа: "Манжуураас зэвсгийн наймаачин нэг герман хүн ирж 10000 буу зарсан" (18.50) гэж мэдээлжээ.

Тэрээр 1915 оны IX сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажиллаж байжээ.
Ерөнхий сайд Намнансүрэн Хаант Оросоос буцаж ирмэгц улс орондоо шинэтгэл хийх ажлыг эрчимжүүлэх бодлого баримталсан юм. Түүний тэргүүлсэн Засгийн газар улс орныхоо байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхийг нарийн тооцож судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал юм гэж үзсэн байна. Ийм учраас Ерөнхий сайдын даалгавраар Козин, Витте, Лисовкий нартай хамт монгол түшмэдүүд тус улсын геологи, хөрс, ургамал, ус, зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгаа явуулах экспедицийн хөтөлбөр боловсруулжээ.
Монгол улсын Засгийн газраас 1915 оны I сард "Монголд хайгуул шинжилгээ явуулах дүрэм"-ийг зөвшөөрөн сайшааж, Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо байгуулсан юм. 1914-1946 онд шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо байгуулах, улсын орлого, зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гааль хураах тухай дүрэм боловсруулах, цай худалдаалах, мөнгөний ханш тогтоох, мөнгө хүүллийн эсрэг тэмцэх зэрэг төслүүдийг боловсруулж, тэдгээрийг Улсын дээд, доод хуралд оруулан хэлэлцүүлжээ. Эл хэрэгт Засгийн газар болон Улсын дээд хурлыг тэргүүлж байсан Т.Намнансүрэн багагүй үүрэг гүй-цэтгэж, нийгэм-эдийн засгийн шинэтгэл явуулах эх суурийг тавьсан гэж хэлж болох юм. Түүний тэргүүлсэн Засгийн газар улсын төсөв, гааль, татварыг цэгцлэн цөөн хэрэглэгч бүхий телефон утас, бага оврын цахилгаан станц зэрэг жижиг үйлдвэрийг байгуулж, үндэсний банк, авто өртөө бий болгох, төмөр зам тавих ажлыг хөөцөлдөж байв.

Ерөнхий сайд Т.Намнансүрэн Тазар бол улсын үндэс" гэж үзэж ирсэн Монгол төрийн уламжлалыг чанд баримталж ирсэн билээ. Түүний даалгавраар Жамсрангийн Цэвээний боловсруулсан "Улсын эрх" хэмээх Үндсэн хуулийн төслийн шинжтэй баримт бичигт: "Улс хэмээгч олон хүн нар нийлж нэгэн газар оршин өөрөө захирагдаж, бусдын эрхийг үл дагах, дотоод, гадаад их, бага хэргийг цөм өөртөө эзэрхэж тусгаар тогтносоны нэр. Газар оронгүй бөгөөс улс үгүй. Улс мөхвөөс улсын газар орон хэмээх үгүй болно. Улсын газар орон хэмээгч өөртөө эзэрхэж өөртөө тогтносон улсын магад нэгэн бэлгэ тэмдэг нь мөн" (19.51) гэж бичиж байлаа.

Иргэний сургуулиуд байгуулах, Монгол улсын албан түүх бичих, "Шинэ толь", "Нийслэл Хүрээний сонин бичиг" мэт тогтмол хэвлэлтэй болох зэргээр соёлын шинэтгэл хийж эхэлсэн нь ч Ерөнхий сайд Намнансүрэнгийн алсын хараатай
бодлого, үйл ажиллагаатай холбоотой байсан юм. Гэвч Монгол улсын анхны Ерөнхий сайд, түүний хамтран зүтгэгчдийн шинэтгэлийн үзэл бодролууд Монголын нийгмийн амьдралд хагас дутуу биелсэн буюу гадаад, дотоод бодлого хүчин зүйлийн улмаас тасалдсан бөлгөө. Ялангуяа 1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Намнансүрэнгийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, Хятадын төлөөний сайд Чен И гэгч олон зүйлийг шахаж шаардан, тулгаж байжээ. Түүний зэрэгцээ Монголын хар, шар ноёдын бүлэглэлийн хоорондын зөрчил хурцдаж, тэдний зарим нь улс үндэснийхээ эрх ашгийг умартан, дураар авирлах болов. Дээрх шалтгаанууд болон заримдаа эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэрээр Т.Намнансүрэн улс төрийн амьдралаас үе үе хөндийрч, нутаг орноо бараадах болжээ. Ийнхүү нэг удаа нутагтаа очсон байхад нь 1919 оны хаврын эхэн сарын үеэр Нийслэл Хүрээнээс дуудлага ирж яаран буцсан байна. Сайхь зүтгэлтэн төрж, өссөн нутгийнхаа ариун хөрсөн дээр сүүлчийн удаа гишгэж байгааг хэн төсөөлөх билээ. Тэрээр Нийслэл хүрээнд буцаж ирснийхээ дараахан Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи уусны улмаас эр тавирсан, ид идэр нас 41-ний сүүдэр зооглоод, хорвоог орхижээ. Цөхрөвч баршгүй. Монголын сор болсон монголын хөвгүүдэд яахин энэхүү золгүй хувь удаа дараа тохиов. Түүхийн нууц, улс төрийн аллага...

Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн төрийн зүтгэлтний хувьд төв эрхэмсэг, нэн тулхтай, ухааны даацтай, хүний хувьд эевэргүү зөөлөн, төв төвшин, царай зүс гайхам өнгөлөг, бие гоолиг цэгц хүн байжээ. Ямартаа л Оросын хатан хаан хүртэл "Танай Монголд тань шиг сайхан хүн олон байдаг уу?" хэмээн асууж байхав. Тийм ээ, Монголын заяа их. Яагаад гэвэл Сайн ноён хан Намнансүрэн мэтийн угийн төрх үлэмж сайхан, ухаан төгөлдөр хүмүүс Монголын заяаг тээж бидэнд уламжлан авчирсан бус уу? Ийм учраас Сайн ноён хан Намнан-сүрэнгийн дурсгалыг хүндэтгэж, түүний төрсөн газар болон Олноо өргөгдсөн Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны байшингийн буйран дээр дурсгалын шон босгож Өргөө музей байгуулах эхлэл тавигдсан байна.

Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайд, Да Лам Гомбын Цэрэнчимэд 1872-1914

Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө.
Чингэхийн учир юу хэмээвээс тэрбээр өдгөөгийн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, ардчилсан Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа. Да лам эл их үйл хэрэгт чигч шударга, хурц сэргэлэн чанар, зохион байгуулах авъяас чадвараараа гойд тодрон товойсон юм.

Г.Цэрэнчимэд нь 1872 онд Их шавийн нутагт (одоогийн Төв аймгийн Лүн сум) хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Эцэг нь түүнийг 10 шахам насанд нь Их Хүрээнд авчирч, төрөл садны нэгэн гавжид шавь оруулжээ. Тэрээр эцэг, эхийнхээ итгэл, багшийнхаа айлтгал, номлолыг талаар өнгөрүүлсэнгүй. Удалгүй Хүрээний номтой гэвш нарын тоонд орж, ихэс лам нарын анхаарлыг татах болов. Г.Цэрэнчимэд бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг доторлож эхэлжээ. Төрөлх монгол бичигт улам боловсорч, шашин төрийн хэрэг явдлыг гадарлахтайгаа болов.

Түүгээр ч барахгүй бичиж, туурвиж эхэлжээ. Тэрбээр лавтайяа "Хүн бүхэн чин үнэн сүжгээр залбиран үйлдэгтүн" хэмээх ном бичсэн нь мэдэгдэж байна. Харамсалтай нь эл ном бидэнд одоогоор уламжлагдан ирээгүй, үрэгдэж үгүй болжээ.
Номын хэлээс үлэмжийг сонсон, чамгүй боловсорсон залуу лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзудбын яамнаа туслах бичээчийн алба хаших болсноор шашин-төрийн хэрэгт хатамжлан зүтгэх анхныхаа гарааг эхэлжээ. Тэрээр удалгүй Дээрх яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна.

Манжийн "Шинэ засгийн бодлого" идэвхжсэн үед Да лам Цэрэнчимэд нэгэн санаа зорилго бүхий Чин ван Ханддорж, өвөрлөгч түшмэл Хайсан нартай илүү дотночлон нөхөрлөж, эцсийн их хэргийг бүтээхээр аминчлан хэлэлцэж эхэлжээ.
Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар санаачлан, 1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин хэбэй, хутагт хувилгаад зэрэг ихэс дээдсийг цуглуулж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд эрслэн босох асуудлыг хэлэлцүүлжээ. Эл зөвлөлгөөнд оролцогсод монгол түмний өмнө тулгарсан амин чухал их хэргийг үндсэнд нь талархан дэмжсэн байна. Үндэсний тусгаар тогтнолын хэргийг санаачлан зохион байгуулагчдын цөм болсон хэсэг ноёд ихэс Богд уулын Нүхтийн аманд илүү нарийн нууц асуудлаа сэм хэлэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт Хаант Орос улсаас тусламж гуйхаар шийджээ. Богд гэгээн ч тэдний санаа бодлыг талархан, тусгаар тогтнолын үйл хэрэгт Хаант Оросоос тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Да ламыг оруулсныг нь идэвхтэй дэмжсэн байна.

Да лам Цэрэнчимэд нар Хаант Орост очсон хэргээ хязгаарлагдмал хэмжээнд бүтээн, Чин улсын хатуу чанд мөрдөлт мөшгөлтөөс болж, орос эмчийн дүрд хувилан нууцаар хил давж орж иржээ. Нутагтаа ирмэгц тэрбээр Халхын Хүрээний Бүх Хэргийг түр Ерөнхийлөн Шийтгэх газрыг байгуулалцаж, түүний бүрэлдэхүүнд орж ажиллан, үндэсний хувьсгалыг бэлтгэн явуулахад хүч, ухаанаа хөвчлөн зүтгэсэн юм. Тэдний чин зүтгэл талаар болсонгүй, 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандаж, үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээжээ.

1911 оны XII сарын 29-нд шинэ тулгар Монгол Улсыг тунхаглан, эзэн хааны сэнтийд заларсан VIII Богд Жибзун-дамба Да ламыг хишиг хүртэгчдийн аман хүзүүнд нэрийг нь цохон тэмдэглэж, "...чин сүжигт цол, гурван давхар магнаг
дэвсгэр, түшлэг, ширээ, улбар шар жолоо, ногоон тэрэг, чин
вангийн пүнлүү, үүрд хөрөнгөөс албан гаргуулахгүй болгон щагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн" (1) гэжээ.
Богд хаан төрийн яамдыг зэрэглэж, Дотоод яамыг тэргүүн яам болгож, түүнийг толгойлж байсан Г.Цэрэнчимэдээр Засгийн газрын хэргийг бүхэлд нь эрхлүүлэх болсон байна.

Тэрбээр Ерөнхий сайд хэмээх албан тушаалд томилогдоогүй боловч, хэрэг дээрээ Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон юм. Да лам Дотоод яамны тэргүүн сайдад томилсон хааны зарлигийг машид бишрэн, төгөлдөр сэтгэлээр хүлээж авсан боловч цагийн эрхээр өөрт оногдсон үүрэг, шинэ тулгар улсынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах тутам нэн түгшиж байгаагаа "Би бол эрдэм ухаан нэн ядуу бөгөөд их л айж сууна" (2.128) хэмээн илэрхийлж байжээ. Хар, шар ноёдын зөрчил хурцдаж, засгийн эрхийн төлөө улайрч байсан тэр үед шинэ Монгол улсын хаан Жибзундамбад хэдийгээр язгуур угсаагүй боловч, Да лам Цэрэнчимэд шиг улс Монголоо хэмээсэн санаа нягт, бодол тэлүү, ном эрдэмд гийсэн, төр, шашны хэргийг нэгэн хамтад хаших чадвартай, улс төрийн бодлогын мяндсан ухаантай судрын хүн, төрийн эр л хэрэгтэй байжээ.

Да лам Цэрэнчимэд Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайдын хувьд төрийн ёс, ёслолыг уламжлал, шинэчлэлийн үүднээс тогтоох, цаг улирлын тооны бичиг үйлдүүлэх, яамдын ажлыг нэгтгэн зангидаж, төр, засгийн сан хөмрөгийг өсгөн арвижуулах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэсэн бөлгөө. Да ламын энэ мэт зоримог, далайцтай үйл ажиллагаа нь үүний талаар монголын ихэс, дээдсийн дунд төдийгүй, хилийн чанадад эерэг, сөрөг үнэлгээг хуримтлуулсаар айлаа. Өөрөөр хэлбэл, оюуны гайхам, тамирын их, зүсний гоо нь бахдал хийгээд зүдгүүр болдог хүний амьдралын жам ёсны шахуу үзэгдэл Да ламын тухайд байвал зохих хэд хэмжээнээсээ хальж эхэлжээ. Г.Цэрэнчимэд нарыг Орос айлчлахад орчуулагч байсан Добданов гэгч Дээд-Үдээ( В.Котвичид 1911 оны XII сарын 30-нд бичсэн захидалдаа "Да лам эдүгээ дотооддоо улс төрийн гарамгай үүрэг гүйцэтгэж байна" (2.91) гэж мэдээлсэн байна. Их Хүрээнээс консул В.Люба 1912 оны I сарын 22-нд Котвичид бичсэн захидалдаа: "Таны захиаг Да ламд гардуулсан, тэр их зальтай"(2.117) гэж тэмдэглэсэн байна.
Оросын консул В.Люба 1912 оны II сарын эхээр Петер бургт мэдээлэхдээ "Да лам хутагтад "хязгааргүй илтгэл"-ийг олж, Да ламтай зөвлөлдөхгүйгээр бидний тавьсан хүсэлтэд нэг ч сайд хариу өгөхгүй байна, ноёдууд Да ламыг байхад "Үл дуугарна" (3) В.Люба Да ламын Богд хаанд хязгааргүй итгэгдэх болсон шалтгааныг эргэцүүлэхдээ "Хутагт Да ламын өөрийнхөө явуулгын нарийн урхинд оруулав уу, эсвэл одоогийн шадар зөвлөхийнхөө уян хатан, гүйлгээ ухаанд автав уу гэдгийг хэлэхэд бэрх" (4) гэж бичсэн байна.

Да лам Цэрэнчимэд улс орныхоо эдийн засгийг өөд нь татах улсын сан хөмрөгийг өсгөн арвижуулах талаар оюун санаагаа хөвчрүүлж байв. Тэрбээр: "Анх улс төр нээх нь шинэ гэр барихтай адил элдэв хэрэглэх зүйл маш үлэмж бөгөөд санд мөнгө цаасгүйн учирт их л чармайж байна. Үлэмжхэн зээлдэж хэрэглэхийг гуйя гэвч эцэст төлөхийг бодох хэрэгтэй тул бас айх газар бий" (2.127) гэж бичиж байсан нь хэр хэмжээнээс хэтэрсэн өр тавилгүй, өөрийн хүчин боломжийн хирээр тулгуурлах гэсэн чухал санаа юм. Үүнээс үүдэн, Да лам юуны өмнө, дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж, байгалийн баялагаа эзэмшиж ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөх замаар улс орны эдийн засгийн чадавхийг аль болохоор нэмэгдүүлэх чиг баримжааг тууштай барьж байв.

Да лам Цэрэнчимэд В.Котвичид бичсэн нэгэн захидалдаа: "Гагцхүү горилох нь манай монгол газарт хааяа алтны зоорь гарах газар байх мэт бөгөөд их улсын сан боловч, наймааны хүн боловч, үзээд бид өгч болох, тэд тоож болох газар ахул, жилийн хугацаа, газрын хэмжээ тогтоон хэлэлцэж нээлгээд, урьдчилан буюу хувь хураах алин боловч, эцэст сэтгэл зовохгүй, будлиан багатай нь мөн мэт. Бас зарим нэгэн газрыг манай монгол чадсан, чадаагүй өөрснөө нээн малтаж үзье гэж зөвлөж буй билээ. ...Зарим алтны зоорийг хятадтай хэлэлцэн нээсэн, хятад түшмэл, Орос Грот гэгч хүн урьд хятадтай хэлэлцсэнээ баримтлан манай үгийг сонсох дургүй, Консул сайдыг мэхлэн хуурч байгаа мэт байгаа нь бидэнд их хэцүү байна" гэж тэмдэглээд эцэст нь "Их Орос улсын алтны зоорийн дүрэм "нэгийг олж хайрлахыг мэхийн гуйна" (2.27) хэмээжээ. Чингээд Да лам Фон Гротын "Монголор" хэмээх алтны нийгэмлэгийн гэрээг хянан үзээд, түүнээс улсад авах шимтгэлийг ахиулах асуудлаар Оросын консул болон нийгэм-лэгийн захиргаатай шууд харьцан ажиллах болов.
Да ламын тэрхүү бие даасан хүч чармайлт Оросын консул-тай хагаралдах нэг үндсийг тавьжээ. Энэ тухай Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Оросын консул Да лам хоёрын харилцаа нь "Монголор"-ын байдлаас болж бүр муудав" (2.139) гэж тэмдэглэжээ.

Гэвч Чин улсын үед байгуулсан гэрээгээр 1908 оноос уурхай байгаа хошуунд бүтэн жил олборлосон алтны 16.5 хувь буюу түүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгтийг шимтгэн авч байх, гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг 1921 оны IV сар хүртэл тогтоох, олборлолтыг Монгол улсаас чандлан хянах явдлыг хүчтэй болгох талаар Цэрэнчимэд нарын яамдын тэргүүн сайдууд Оросын консултай удаа дараалан хэлэлцээ хийж байж, 1912 оны эхээр "Монголор" алтны уурхайн гэрээг шинэтгэн тогтоож чадсан байна (5). Монгол орны байгалийн баялагт шунасан гаднын хомхой этгээдүүд да ламыг өөрийнхөө эрхэнд оруулж чадахгүй болохоор элдвээр өөчлөн, хараан зүхэж байв. Генц гэдэг герман хүн Монголоос концесс олох санаатай Да ламтай уулзаад, хэрэг бүтэмжгүй тийшээ хандмагц эзэн хаандаа мэдэгдэнэ гэж сүр далайлгаж байжээ.

Ф.Москвитин: "Цэрэнчимэд Консулд мэдэгдэлгүйгээр алтны уурхайг Лушников гэдэг хүнд түрээслэжээ" (2.139) хэмээн ийш тийш ховлон бичиж байсан аж. Мөн консул В.Люба Да ламд: "Хэрэв та гурав дахь этгээдэд концесс өгөх юм бол Орост найртай бус хандсан хэрэг гэж үзнэ шүү" (6) хэмээн мөн л айлган сүрдүүлэхийг оролдож байжээ.
Г.Цэрэнчимэд энэ бүгдээс огтхон ч халшралгүй улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс хатуу чанга байр суурь баримтал-саар байсан юм. Нэгэнт байдлыг мэдсэн Ф.Москвитин мэтийн хүмүүс Да лам болон Монгол ноёдын хөлд сууж, ажлаа бүтээхийг оролдож байсан баримт ч тааралдаж байна. Тухайлбал Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Эндхийн хаад ноёдод сайн бэлэг бол винтов, гар буу л байна. Да ламд бол резин материалаар хийсэн улаан цув бол зүгээр байна" (2.169) гэсэн захиалга өгч байжээ. Харин Хаант Оросын "Харбинский вестник" сонины нэгэн мэдээнд: "Монгол улсын Дотоод яамны сайд Да лам Английн синдикатад 5 жилийн хугацаатайгаар (жилийн 1 сая рублийн) хар тамхи Монголд оруулах зөвшөөрлийг дангаараа мэдэн олюсон. Монголын хууль цаазын дагуу хар тамхи хэрэглэх явдал нь шашинд харш бөгөөд хориотой, цаазаар авах ялтай" (7) хэмээн мэдээлсэн нь гүтгэлгийн шинжтэй болов уу. Энэ үед Богд хаан тамхи.Я ялангуяа хар тамхины хор холбогдлын тухай утга төгөлдөрв лүндэн буулгаж байхад. түүний итгэмжит сайд. тэр зэргийн цөлх ухаантай хүн хар тамхи оруулах тухай дур мэдэн шийдвэр гаргаагүй нь лавтай.

Г.Цэрэнчимэд Дотоод яамны сайдын хувьд ард иргэдэя сурган боловсруулах, гэгээрүүлэхэд багагүй анхаарч байв. Тэрбээр В.Котвичид бичстн нэгэн захидалдаа: "...цэрэг ба уран эрдэм сургахгүйгээр улс болон тогтноход нэн бэрх"1 (2.127) хэмээн тэмдэглэж байсан удаатай. Хариуд нь Котвич бичихдээ: "Орос, Монголын хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс тун яаралтайгаар нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгаагүй хүүхдийг сургаж, орос хэл сурсан хойно Орост сургуульд явуулж, Монгол улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан угүй хан төр нэн удаа тогтож эс чадна гэж манай оронд өгүүлдэг" гээд "Өдгөө танай нийслэлд миний сайн мэдэх Цэвээн Жамсранов гэдэг байж байгаа бөгөөд тэрээр манай нийслэл хотын их хан сургуульд багш байсан, эрхэм сайн эрдэмт хүн бөгөөд сургуулийн явдал гарвал түүнийг хэрэглэн авах ажаамуу" гэжээ.

Да лам Цэрэнчимэдээс 1913 оны III сард Богд гэгээнд толилуулсан айлтгалдаа олон ардыг тусгайлан захирах эрх бүхий хумүүсийг бэлтгэх зорилгоор бага ван, гүн, засаг, тайж, тэдний үр хүүхдийг сургах сургууль байгуулж, монгол, орос, манж, хятад бичигт сурган, төрийн албан хаагчдыг тусгайлан бэлтгэх санал тавьж байв. Г.Цэрэнчимэд их хөрөнгө чинээтэй байгаагүй боловч, хувийнхаа хөрөнгөнөөс боломжийн хэрээр улсдаа тусалж, судар ном барлуулах ажлыг ивээн тэтгэж байсан байна. Да лам нарын зэрэг Хүрээний эрх баригчдаас Петербургтэй санал зөрсөн зарчмын нэг том асуудал бол Халх, Баруун болон Өвөр Монгол, Барга, Урианхай хязгаарын нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг санаархаж байсан явдал юм.Монгол туургатны нэлээд хэсэг Халхын эрх баригчдын ородлогыг дэмжиж байв. Тухайлбал, тусгаар тогтнолоо хэдий нь зарласан Барга 1912 оны V сард Халхын бүрэлдэхүүнд орохоо илэрхийлсэн билээ. Энэ явдлыг Да лам голлон хийж байна гэж үзэж хилэгнэсэн Бээжин дэх Оросын элчин В.Н..Крупенский өөрийн Гадаад явдлын яамны сайд С.Д.Сазановт Да лам Оростой харилцахдаа "найрсаг бус хоёр нүүр гаргасан бодлого явуулж байна". Тэрбээр "Зөвхөн Хятадаас өөрсдийгөө хамгаалуулах"-аас өөр "Бидний ямар ч зөвлөлгөөнийг хүлээн авахгүй байна" (8) хэмээн мэдэгджээ.
Да лам 1912 оны Монгол, Оросын гэрээнд монгол туургатныг нэгтгэх асуудлыг тусгах гэж махран зүтгэж, санал нь явахгүй болохоор хэлэлцээрийг тасална гэж заналхийлж байлаа.

1912 оны X сарын 6-нд Коростовец, Люба нар Намнансүрэн тэргүүтэй Монголын Засгийн газрын сайд нарыг Оросын консулын газар урьжээ. Чингээд хэлэлцээрийн төслийг гардуулж, Оросын консулынхантай ярилцсан байна. Да лам Коростовец, Люба нарт дараах асуултыг тавьжээ. Хэлэлцээрээр Монгол, Хятадаас бүрэн тусгаарлаж чадах уу, эсвэл Оросын протекторат үлдэх үү? Хэлэлцээрийн төсөлд яагаад Хүрээний Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн Дотоод Монгол болон Ховд, Урианхайн хязгаар, Барга ороогүй байна вэ? гэж асуугаад "Хятадын дарлалд нэрвэгдсэн бусад монголчууд нэгэн адил тусгаар тогтнохыг хүсч байна" гэж нэмж хэлэв (9.389). Дотоод Монголын асуудлыг хэлэлцээрт оруулах тухай асуултад Люба: Дотоод Монгол нь "газар зүй, улс төрийн хувьд Хятадтай илүү холбоотой, багагүй хятад-чилагдсан" хэмээн хариулжээ. Консул хэлэлцээрт Ховдын хязгаарыг оруулах Монголын сайд нарын хүсэлтийг Петербургт уламжлахаа амлажээ.

Хоёр хоногийн дараа X сарын 8-нд Коростовец нэлээд түгшсэн байдалтай цахилгаан явуулжээ. Цахилгаандаа: Өргөө хотод миний түр очсон нь "хэлэлцээрийн байдлыг сөрөг тал руу эргүүлэх янзтай" байна. Хэлэлцээрт Да лам төдийгүй Намнансүрэн ч эргэлзэж байна гэж мэдээлжээ. Гэвч эцсийн эцэст 1912 оны Монгол, Оросын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Хэлэлцээрийн явцад Да лам Цэрэнчимэд, Коростовел нарын харилцаа эрс муудсан боловч, эцсийн эцэст түүний төрийн тулх ухааныг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч. "тэр бүх монголчуудын эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг. Бүх Монголын сайдуудын дотор тэр хүн бол эрч хүчтэй. мэргэн ухаантай сайд байлаа. Нөгөө талаар бас цэвэр нэртэй хүн байв. Сүм хийддээ шашны талаар дээгүүр мяндагтай байсан атлаа Да лам нь шашин болон язгууртны дангаар ноёрхох улс төрийн бодлогыг эсэргүүцэж, тэр явдлыг Монголын гол гамшиг гэж үзэж байв. Лам нартай тэмцэж байсны учир түү-нийг "шуламын сүнс" гэж нэрлэж байв" (10.139) гэж бичжээ. 1913 оны хавар Оросын дипломатууд Богд хаан, Сайн ноён хан нарт Да ламыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг шаарджээ. Ерөнхий сайд Намнансүрэн И.Я.Коростовецтай уулзаж, Цэрэнчимэд бол "юуны өмнө, гаднын халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх оронч хүн, цорын ганц "гэм" нь эх орныхоо тусын тулд хэт махран зүтгэсэн явдал байх" (11) гэсэн жинтэй үг хэлсэн байна. Г.Цэрэнчимэд Оросоор тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх ажил бүтэлгүй болмогц, Японоос тусламж гуйх санаатай Хай-лаарт очиж, Оросын явуулгаар мухардаад буцаж ирж байв.

Энэ дашрамд тэмдэглэхэд, Да лам Цэрэнчимэдийн Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын эрх мэдэлт-нүүдтэй зөрчилдөхөд хүрсэн нь Оросыг түших уү, эсвэл Японыг түших үү хэмээх гадаад түншлэлийн асуудал бус, харин язгуур угсаа, эрх мэдлээс улбаалсан зөрчил байсан бололтой. 1914 онд түүний чин зүтгэлийг үнэлж, Богд хааны зарлигаар Чин ван цол олгож, хамжлага өрх 32, хүн ам 293, хөрөнгөний тэмээ 74, адуу 22, үхэр 178, хонь 2155-ыг соёрхож байжээ.

1914 онд Да ламыг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар тавьсан жирийн бус томилолт нь нэг талаас, төрийн дээд байр суурийг булаацалдсан хар, шар ноёдын хоорондын томоохон зөрчлийн дотоод илрэл, нөгөө талаас дээдсийн хүрээлэлд харц гаралтан шургалахыг үл тэвчсэн язгууртнуудын явууллагын хаялга, бас сайхь зүтгэлтэн өөрөө шинэ хүрээллийнхээ сэтгэл зүй, ашиг сонирхлыг үл харгалзан хэт чигээрээ авирлаж байсны харгай болов уу. Да лам баруун хязгаарыг зорьж яваад, 1914 оны V сарын 7-нд учир битүүлгээр хан хорвоогоос хальжээ. Түүнийг "сэржмийн хорлол"-оор өөд болсон гэлцдэг.

Да лам Г.Цэрэнчимэд бол тэр үеийн зүтгэлтнүүдээс дотоод, гадаадад хамгийн их анхаарал татаж, эерэг сөрөг үнэлгээнд олонтаа өртөж байжээ. Ялангуяа Оросын тал түүнийг элдвээр гоочилж байсан билээ. Хэдий тийм боловч, Оросын хэвлэл, мэдээллийнхэн Г.Цэрэнчимэдийн тулх чанарыг арга буюу хүлээн зөвшөөрч байсан юм. Тухайлбал, 1913 онд Оросын "Алс Дорно" сэтгүүлд: "Хувийн амьдралын хувьд аглаг даяанч, байгалиас заяасан тулх ухаантай, хэнд ч уусч худалдагдахгүй, хувийн ашиг хонжоо хайдаггүй, хүнд тэр бүр итгэдэггүй, хянуур болгоомжтой... Да лам орчин үеийн монголын ухаалаг, нэрд гарсан зүтгэлтний нэг мөн нь ч гарцаагүй"(13) хэмээн бичиж байлаа.

Эдүгээгийн Оросын судлаачид ч Да ламыг өндрөөр үнэлж байна. Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Богд хааны гол шадар зөвлөх, баруун гар нь ухаалаг, зоригтой, хатуу чанга хүн Да лам Цэрэнчимэд байв" (14.55) хэмээн тэмдэглэжээ.
Өдгөө Г.Цэрэнчимэдийн намтар сэлт, бодол сэтгэлгээний онцлог, бүтээн туурвисныг судлан үзэхүйд тэрбээр улс төрийн зөн, билгүүн чанараар гойд, аливаад давхар бодож, даамай сэтгэдэг, өөрийн байр суурин дээр хатуу зогсож чаддаг цөлх ухаантай төрийн томоохон зүтгэлтэн байжээ.

Ийнхүү Да лам Г.Цэрэнчимэд бол Монгол улсын цадиг шаштирт нэрээ мөнхлөн үлдээж, түүхийн олон үеийн үзэл санааны үе судал, хальс бүрхэвчин дотроос яах аргагүй нэвт гэрэлтэх түүхэн хүмүүн бөлгөө. Ийм учраас Засгийн газрын ордонд Г.Цэрэнчимэдийн хөргийг байрлуулах, Улаанбаатар, Зуунмод хотын нэг нэг гудамжийг нэрэмжит болгох, сумын нь дунд сургууль юм уу, эсвэл соёлын төвийг түүний нэрэмжит болгох зэргээр дурсгалыг нь мөнхжүүлэх нь зүйтэй юм

Балингийн Цэрэндорж 1868-1928

Хан Хэнтий нутаг. Монголын тулгар төрийг үндэслэн, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулсан эзэн богд Чингис хаанаас эхлээд ард түмэн, Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан Цэрэндорж байлаа.
Хүн болох багаасаа... ухаант ардын маань мэргэн үг. Эцэг Балин нь хүү Цэрэндоржийнхоо ой гойд, сэрэхүй тунгалаг болохыг ажиж мэдээд, б, 7 наснаас үсэг холбож, үг зүйхтэйгээ болгосноор балчирхан түүний билгийн нүд гийж эхэлжээ. Гэвч Цэрэндорж хүүд эцгийнхээ элбэрэлийг удаан хүртэх хувь тохиосонгүй, бүл эмтрэн ахуйд бага насаа өнгөрөөхөд хүрчээ. Амьдралын эрхээр эх Мөнгөнхүү нь хүүгээ дагуулан Их Хүрээнд орж суурьшсан байна. Хэдийгээр Манжийн ноёрхолд байсан боловч, тэр үеийн Монголын улс төр, соёлын нэг гол төв болж байсан Их Хүрээний нөөлөг Б.Цэрэндоржийн үзэл бодол, зан чанарын хувьд төлөвших нийгмийн орчинг бүрдүүлж, түүний амьдралд огцом эргэлт гаргажээ. Юуны өмнө, тэднийг Их Хүрээнээ ирэхэд эцгийн нь хуучин танил, нэг нутаг усны хэмээн халуун сэтгэлээр элгэмсэг хүлээн авсан Цагаан-Өвгөн зайсан, аривжих зайсан нар өөрсдөө эрдэм номын далайг захалсан хүмүүс байсан нь Цэрэндорж хүүгийн оюуны зулыг бадраахад тоо нэмж өгчээ.

Тэрбээр балчирхан байсан авч, эцгийнхээ амлуулсан эрдмийг хичээл билэгээрээ тэтгэн тордсоор монгол бичигт ихэд доторлож, улмаар манж, хятад хэл сурч эхэлжээ. Цэрэндорж харь хэл сурах авъяастай нэгэн тул тэр үеийн томоохон сэхээтний мэдвэл зохих манж, хятад хэлийг гаргууд эзэмшжээ. Ярианы хэлд төдөлгүй зүгширэхэд Амгаланбаатар хотын орчин нөлөөлсөн бололтой.Тэрбээр 16 наснаасаа тухайлбал 1895-1911 онд Их Хүрээн дэх Манж сайдын газар бичээч, Оросын консулын яамны дэргэдэх орчуулагчийн сургуулийн багш, мөн Манж сайдын яаманд орчуулагч түшмэл, Монгол жинхэнэ б-р зэргийн түшмэлийн алба хашсан нь мэдсэн, сурсанаа үйлдлэгт хэрэглэх, төрийн албан хэрэг хөтлөх, дотоод, гадаадын хунтэй ажиллах арга барилд дадлагажих, харийн, тэр тусмаа том гүрнүүдийн бодлогын өнгө төрхийг таних зэрэг төр засах ухаанд мэргэшүүлж өгчээ. Энэ завсар Б.Цэрэндорж төрийн хэрэг, номын үйлд авъяаслаг нэртэй түшмэдүүдтэй танилцаж, тэдний эрдэм ухааны нигууртай хишгийг сүслэн хүртэх болсноор түүний үгийн өнгөнд эртэйн төрх, номтойн шинж мэдрэгдэх болсон байна.

Амьдралын их сургууль түүний угийн хүнлэг төрх, сэтгэл оюуныг улам хөглөж, төрийн зүтгэлтний төв эрхэмсэг шинж суухад хүчирхэг түлхэц үзүүлжээ. 1911 оны үндэсний хувьсгал ялж, шинэ тулгар Монгол улс тусгаар тогтносноо дэлхий дахинд тунхаглан зарлав. Чингэснээр Б.Цэрэндорж үндэсний хувьсгалын гол удирдагч Чин ван Ханддоржийн толгойлсон Гадаад явдлын яамны дэд түшмэл, улмаар дэд сайдын тушаалд тохоон томилогдсон байна. Энэ үеэс тэрбээр төрийн тулгам их үйл, улс төрийн бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн учир холбогдлыг бие сэтгэлээрээ ухаарах болжээ. Сайхь хүмүүн Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, VIII Богд Жибзундамба нарын гарт нухлагдаж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг чанараас өөртөө шингээж байв. Тэр үед Ханд чин вантай шадарлаж байсан Дагва мээрэн: "Тэр үед би залуу байж. Алдаж омтгойтох нь олонтаа. Тэр болгонд Ханд чин ван:.

- Та нар Цэрэндоржоос сур. Түүний алхах гишгэхээс аваад албан хэрэг хөтлөх, аашилж авирлах, эрдэм номд шимтэхээс нь үлгэр ав" гэж бидний хэдэн түшмэлийг зэмлэдэг байсан " (1) хэмээн дурсан ярьж байсан юм.

Тэрбээр Чингисийн удмын хана сайт төрийн түшээ, Сайн ноён хан Намнансүрэн. Чин ван Ханддорж нарын хамт Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, 1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийн үед улс Монголын эрх ашгийн төлөө ухаан зарж, түших хань нөхрөө зөв сонгон эрэлхийлэх зэрэг олон чухал үйлсэд хүчин зүтгэжээ. Тухайлбал, Б.Цэрэндорж Орос улсаас Монголд цахилгаан мэдээ, төмөр зам барих тухай гэрээ хэлцэл байгуулах баримт бичгийн төсөлд Монгол улсын эрх ашигт харшилсан санаа байгааг цөлх ухаандаа тунгаан олж харжээ. Энэ бичигт: "Цэрэндорж би болбоос Богд эзний хэтэрхий хишгийг хүртэж, гадаад лугаа холбогдох хэргийг таслан шийтгэх хүнд тушаалыг хүлээсний тул эрхгүй хэрэг бүрт үнэн шударгыг барьж, улсын найрамдлыг улмаар зузаатгахыг туйлаас хичээмүй. Юун аюумшиггүй хааш яаш явж, хоёр улсын найрамдалд хорлол болгохыг хичээх билээ.

Тийн хэмээвч хааяа олны аж ахуйд ба улс төрийн эрх ашигт хэтэрхий хорлол бүхий хэрэг тохиолдвоос мэдсээр дув дуугүй өнгөрүүлж хэрхэвч үл түвдэх бөгөөд энэхүү төмөр зам ба Цахилгаан мэдээний хэргийн дотор бидний улс төрд их л харшлалтай зүйл буй тул үнэхээр санаа татгалзахаар барахгүй тэр ч байтугай улс төрийн түшмэлийн тушаалын хүн цөм эрхбиш өөрийн улсын албат ардын ашгийг батлан хамгаалахыг хичээх нь зүй мөн болох явдлыг эрхэм генеральный консул сайд та гүнээ толилох тул Цэрэндорж би дэмий л олон үг нуршиж яахийм" гэж бичээд асуудлыг нэгэнтээ буцааж, нягтлан арай өөр байдлаар дахин томъёолуулж байжээ. Б.Цэрэндорж манайх шиг бага буурай орон хөрш хоёр их гүрний улс төрийн бодлогын эсэргэцэлд хэрхэн дэнслэгдэж байсныг бие сэтгэлээрээ мэдэрч, эгзэгтэй агшин бурийг улс Монголынхоо эрх ашигт эерэгээр эргуүлэх гэж ухаан бодлоо чивчрүүлж байсан төрийн ухаалаг зүтгэлтэн байсан юм.

Тухайлбал 1915 оны гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Дундат иргэн улс өөрийн эзэн эрхээ бататгахын тулд Монголын төр, шашны Жибзундамба хутагтад «Богд хаан, цол олгож, «Алтан өргөмжлөл» гэгчийг гардуулах гэж шамдахад Цэрэндорж хал үзэж, халуун чулуу долоосон улс төрийн зүтгэлтний хувьд дипломат арга эвээр мухарлах гэж удаа дараа оролдсоор байлаа. Хятадын удаа дараагийн шаардлагын эцэст автономит Монголын Засгийн газрын өмнөөс Б.Цэрэндорж 1916 оны III сарын 3-нд Дундат иргэн улсын Бүгдийг хамгаалах сайд Чэнь Лү-д Богд хааны тамга өргөмжлөлийг хүлээн авах ёслолоос татгалзаж байгаагаа: "Дундат иргэн улсын томилсон, өргөмжлөл гардуулах хоёр түшмэл нь дээд зэрэглэлийн түшмэл найман хүн ба хэлмэрч зэрэг хүмүүсийг дагуулан ирэхэд 50-60 хүнээс цөөнгүй болно. Үүнийг Ар Монголоос зочлон дайлахад зовиуртай.

Хоёрт Богдын хоёр нүд мөргүй болсноос хойш бие мөч нь хөдөлгөөнгүй болсон тул мэхэлзэх зэрэг олон хүнд хүчир ёслол гүйцэтгэж чадахгүй" хэмээн шалтаглахад Хятад сайд: "Томилсон хүмүүсийг хасч болиулахаас гадна ёслолын хунд хүчрийг ч бас ярилцаж болох юм" гэжээ. Тэгэхэд Цэрэндорж: "Манай санал бол өөр хүнийг томилон ирүүлэхгүй, бүгдийг хамгаалах сайд үүгээрээ гүйцэтгэж ёслолыг хүндрүүлэхгүй бол хэлэлцэж болно. Гэтэл өргөмжлөл бичгийн үгийг бид мэдэхгүй байгаа тул түүний үгийг урьдаар цахилгаанаар мэдэгдэж болох эсэхийг лавласан" (2.95) ажээ. Ингэж цааргалсны эцэст алтан тамга, навчит өргөмжлөлийг Хүрээн дэх сайд Богд Жибзундамбад даруухан гардуулсан байна.
1915-1919 оны хугацаанд Б.Цэрэндорж Гадаад яамны сайдын хувьд Орос, Хятадын бодлогын тэнцвэрийг олох гэж төрийн бодлогын мяндсан ухаан зарж байсан юм. Чингээд Сюй Шүчжэн 1919 онд Монголын автономит эрхийг устгажээ.

Сюй генерал Монголын эрх баригчдыг сүрдүүлэн автономит засгаа "сайн дураараа" устгахыг "хүссэн" өргөдөл гэгчийг Дундат иргэн улсын Ерөнхийлөгчийн нэр дээр 1919 оны 11-р сарын 15-нд гаргуулан авчээ. Түүнд Төрийн яамдын тэргүүн, дэд сайд 16 хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү өргөдөл гэгчийг Сюй генералд гардуулах монгол хүний хувьд гутамшигтай боловч, хэн нэгэн тэр тусмаа Автономит улсын Гадаад яамны сайд байсны тухайд тойрч гарах аргагүй хүнд хэцүү үүрэг, түүхэн хувь заяа Б.Цэрэндоржид оногджээ. Эл үйл явдалд тэрбээр оролцсон нь эх орноосоо сэтгэл урвасан хэрэг биш, хүчинд автаж аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл, хожмын өдрийн хожлыг тооцсон алхам байсан гэлтэй. Улс орны эрх ашгийн асуудал хөндөгдсөн эгзэгтэй мөч бүрт харийнхны өөдөөс Монгол улсын нэрийн өмнөөс нэг биш удаа нүүр тулж чадахаас чадахгүйгээ хүртэл үзэлцэж байсан сайхь зүтгэлтэн улс орон тусгаар тогтнолоо алдсаныг баталгаажуулах үүрэг гүйцэтгэж байх үедээ элэг нь эмтэрч, зүрх нь шимшрээгүй хэмээн өдгөө хэлбэл алдас болох буй заа.

Б.Цэрэндорж 1915 онд Гадаад явдлын яамны сайдаар дэвшин ажилласан хэдий ч мэдэлтэй байна гэдэг бол мэдлэгтэй байна гэсэн үг хэмээн улам эргэцүүлэн ухаарч, бие, сэтгэл, хэл гурвын үүднээс гурван цагийн номыг бясалгаж, оюун билэгээ ирлэж байсан юм. Түүний нэгээхэн хэсэг нь эрдэмтэн зарим нөхдийн хамтаар «Хүйтэн уулын бичиг» түүхэн романыг хятад хэлнээс хөрвүүлэн 115 дэвтрээр товхиж, мөн Богд хааны зарлигаар «Эмийн найрлага, элдэв өвчнийг хялбар анагаах нь», «Эмийн нэрс», «Монгол, хятад сарсан нүдний эмийн найрлага» зохиолыг орчуулж байсан явдал юм. Улс орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялан мандав. Ардын шинэ засагт мэдлэг боловсролтой сэхээтэн ус, агаар мэт хэрэгтэй болжээ. Энэ үед Үндэсний ардчилсан хувьсгалыг талархан дэмжиж байсан Б.Цэрэндорж ардын төрийн албанд бүр эхнээс нь хичээнгүйлэн хүчин зүтгэж, 1921-23 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэл, мөн яамны сайдаар ажилласан байна.

Энэ үедээ тэрээр Монгол, Оросын хоорондын найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээ байгуулах анхны төлөөлөгчдийн бүрэлдэхуүнд орж, түүнд гарын үсэг зуралцсан хийгээд В.И.Ленинд бараалхсан тухайгаа 1926 онд Залуучуудын эвлэлийн сэтгүүлд бичиж үлдээжээ. Б.Цэрэндорж 1923 оноос шинэ тулгар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж эхэлжээ. Тэрбээр үзэл бодлын хувьд тууштай үндэсний ардчилсан үзэлтэн байсан юм. Ерөнхий сайд Б.Цэрэндорж орон нутгийн засаг захиргааг ардчилсан үндсэн дээр өөрчлөх, анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, Бүгд Найрамдах улсыг тунхаглах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр эхлээд шинэ тулгар Монгол Улсын Үндсэн хуулийг Англи мэтийн орнуудыг жишиг болгон боловсруулахыг чухалчилж байв. Б.Цэрэндорж орон нутгийн засаг захиргааг ардчилах, Улсын I их хурлын бэлтгэлийг хангах, анхны Үндсэн хууль боловсруулах, өөрөөр хэлбэл төрийн шинэ тогтолцоог бүрэлдүүлэх, гадаад харилцаа, төр, аж ахуй, санхүүгийн холбогдолтой 60 гаруй хууль дүрэм, тогтоол боловсруулахад голлон оролцож байв.

Ерөнхий сайд Б.Цэрэндорж үндэсний ардчилсан үзэл баримтлаж бүхий л үйл ажиллагаагаа шинэ тулгар Монгол улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хангахад чиглүүлж байсан байна. 1924 онд Орос, Хятад хоёр Монголын тусгаар тогтнолын талаар хэлэлцэж буй үед Ерөнхий сайд Б.Цэрэндорж "Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл" хэмээн мэдэгдэж байв. Хичээнгүй сайдын Ардын төрийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн замнал тийм хялбар шулуун дардан байсангүй. Хэт хувьсгалчирхаж, зүүний балчиг намагт живсэн залуус түүнийг хуучны түшмэл "баруунтан" хэмээн дайрна. Оросын сургагч нар тус улсын дотоод хэрэгт хуруу, хушуу дүрнэ. Хятадын эрх баригчид Монгол дахь хуучин ноёрхлоо санагалзана. Ялангуяа 1920-иод оны дунд үеэс Зөвлөлт Орос Улс, Коминтерний зүгээс Монгол улсын дотоод хэрэгт оролцох нь улам ихэссэн үед Б.Цэрэндорж ээдрээтэй асуудал бүрийг Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс ухаалаг шийдэх гэж оюун бодлоо хөвчрүүлж байлаа.

Ардын засгийн өндөр албанаа их зонхи нь боловсрол багатай, туршлагагүй хүмүүс томи-логдсон учраас Хичээнгүй сайдын оролцохгүй салбар гэж байсангүй. Гэвч ингэж зүтгэсний хариуд Коминтерний зүгээс аятай үнэлэлт сонсож байгаагүй юм. Коминтерний төлөөлөгч М.Амгаеваас 1927 оны VIII сарын 31-нд дээд газраа өргөсөн онцгой нууцын зэрэглэлтэй илтгэх хуудсандаа: "Бага Хурлын дарга Гэндэн ер нь Бага Хурлын бүх тэргүүлэгчдийн нэгэн адил одоо болтол ямар нэг тодорхой практик ажилгүй байна. Учир нь Цэрэндорж дээд засгийн онцгой эрх мэдлийг хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй байна. Гадаад явдлын яамны өдөр тутмын ажлыг удирдахыг эрмэлзэн, сайдын хувьд Дорлигжавын ролийг үгүйтэй адил болгож байна" (3,169) гэж бичжээ. Коминтерний зүгээс үндэсний ардчилсан чиг шугам баримт-лагчдын цаана Б.Цэрэндорж байгаа гэж үзэж байв. Ийм учраас 1924 онд Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов Жамсрангийн Цэвээнийг Б.Цэрэндоржийн дотоод сэтгэлийн илрэл буюу "барометр" хэмээн тодорхойлж байлаа.

Элдвээр хавчин шахагдсан болон бас ч цаг үеийн шаардлагыг хангахгүй болж байгаа болов уу хэмээн хаширлах үүднээс Хичээнгүй сайд албанаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл өгч байв. Чухам ийм үед хүртэл А.В.Шотман, Охтин нар Цэрэндоржийг албан тушаалаас нь зайлуулбал "...Монголд иргэний дайн, бослого гарч магадгүй" хэмээн бэндэн болгоомжилж байжээ. Ийнхүү "Булавч бултайна даравч далдайна" гэгчээр Хичээнгүй сайдын үйл ажиллагааг Зөвлөлт Орос Улсын зүгээс өөрийн эрхгүй эерэг үнэлэхэд хүрч байсан юм.Б.Цэрэндорж аливаа асуудлыг улс үндэстний эрх ашгийн үүднээсээ эе эвээр ухаалаг шийддэг зүтгэлтэн байсан учраас "Хичээнгүй сайд" хэмээн олонд алдаршжээ. Энэ бүхний иш үндэс нь түүний төрөлх цөлх ухаан, гадаад гүрний улс төрийн бодлогын битүү утгыг тайлж, далд санааг таньж мэдэх чадвар. олон улсын харилцааны эрх зүйн өргөн боловсрол, манж, төвд, хятад, орос гадаад хэлний гүнзгий мэдлэг, бараг нэгэн жарныг барагдтал төрд зүтгэсэн арвин их дадлага туршлага, угийн төв төвшин эгэл чанарт байсан билээ. Ийм ч учраас Дундат иргэн улсын эрх баригчид тухайлбал Сюй Шүчжэн түүнийг "Ар Монголын хөгшин чоно" хэмээн хорсон нэрлээ буйзаа.

Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн үндэсний ардчилсан чиг шугам баримтладгийг Коминтерн мэдсээр байсан боловч түүнийг Засгийн газрын тэргүүний албан тушаалаас зайлуулах нь нийт Монголчуудын дургүйцлийг хүргэж мэднэ хэмээн болгоомжилж байсан билээ. Монголын хувьсгалын хэрэгт бүр эхнээс нь оролцсон Б.З.Шумяцкий "Цэрэндорж бол хэд хэдэн ном бичсэн тухайлбал, Парламентын ардчиллын тухай нэг ном, мөн Монголын нөхцөл байдалд инээд хүрмээр санагдаж болох сэдэв олон улсын эрх зүйн тухай бас нэг ном буй. Эдгээр ном зохиогчийн эрдэм мэдлэг гаргууд гэдгийг харуулж байна" гэжээ. Оросын Бүрэн эрхт төлөөлөгч А.М.Васильев "Цэрэндорж бол төрийн их ухаантан, үнэнч шударга, хахуульд үл автагч, ардчиллыг эрхэмлэгч, энэ бол хүнийх нь хувьд ч түүний гол шинж чанар мөн" гэж дээд газраа өргөн айлтгаад Сюй Шүчжэний тодорхойлолтоос "Ар Монголын хөгшин чоно" гэсэн хэсгийг иш татан тэмдэглэжээ.

Б.Цэрэндоржийг хүндээр өвчилмөгц Монгол улсын Засгийн газраас: - Бид таныг П.Н.Шастин эмчид хэд хэд үзүүлсэн. Таныг ЗХУ юм уу, Германд даруйхан явуулж мэс засал хийлгэхээс өөр эмчилгээгүй учир улсын хүчээр зохих газарт нь явуулж эмчлүүлэхээр бид шийдлээ гэж мэдэгдэхэд Б Цэрэндорж. - Би явахгүй нөхөд минь, бид саяхан тусгаар тогтнолоо олж, эрх чөлөөт төрийг тулгар байгуулаад манай улсын сан хөмрөг нимгэн байна. Ийм үед үхэх болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа хэмээн улсын сан хөрөнгийг хохируулж болохгүй" гэж татгалзсан тухай Б.Цэрэндоржийн хүү Юндэнтэй олон жил үерхэж, сайхь Ерөнхий сайдтай уулзаж учирч байсан Ядамсүрэн гуай тэмдэглэжээ. Б.Цэрэндорж насан огштлоо улс Монголоо гэж амь хайргүй зүтгэсээр 1928 оны 11 сарын 13-нд хан хорвоогоос халин одсон юм. Б.Цэрэндоржийг нас барсантай холбогдуулан хийсэн эмгэнэлийн цуглаан дээр эрдэмтэн Жамсрангийн Цэвээн хэлсэн үгэндээ: "Нөхөр Цэрэндорж агсны байдлыг ажиглаваас чухамхүү чин зоригт гайхамшигтай баатар эр хэмээж болмоор асан.

Юу хэмээвээс тэр амьд ахуйдаа албан хэргийг явуулан шийтгэхэд хэдүй насан буурай болсон атугай ч гаргаж хэрэглэсэн бодлого ухаан ч тун онцгой тасархай мэргэн, аливаад уйдах чилэхийг бодохгүй туйлын их идэвх хичээнгүйтэй, ямар хэрэг явдалд гэнэдэж хууртах нь үгүй, нягт хянамгай, огт хөдөлбөр шилжвэргүй, манай улсын тулгуур төрийн түшиг багана мэт хүн байсан бөгөөд хятад, оросын зэрэг гадаадын шунахай этгээд уран сайхан үгээ өмнөө бариад, араг савраа хойноо үүрээд ирэхэд хууртагдахгүй мэргэн, айлган сүрдүүлэх гэвэл айхгүй баатар, худалдаад авъя гэвэл худалдагдахгүй шударга, элдэвлэн хатгаж өдөөвч хөдлөхгүй бат, хэзээд Монгол үндэсний газар ус, ард түмэн, улсын эрх мэдлийг алдахгүйг цаг ямар бодолхийлэн оролдож явсан хавтай баатар эр хэмээвээс болно" хэмээн тэмдэглэжээ. Түүний алдрыг мөнхжүүлэн, Улаанбаатар хотын нэгэн гудамжийг Б.Цэрэндоржийн нэрээр нэрлэн, хөшөөг нь босгожээ Түүний үйл хэрэг монгол түмний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдана. Өнөөгийн монгол орон, зон ардын заяа түшиж олон олон хичээнгүй мэргэн төрийн түшээ нар төрж, төр түмнээ ивээх болтугай.

Монголын их сэтгэгч номч лам Зава Дамдин гавж

Монголын их сэтгэгч номч лам Зава Дамдин гавжийн 140 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний төрсөн нутаг болох Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэрийн Чойрын хийдийн дэргэдэх “Зава Дамдин” судар бичгийн хүрээлэн болон тус аймгийн иргэд хамтран олон ажил төлөвлөжээ. Зава Дамдин хувраг нь их сэтгэгч төдийгүй Буддын философийн томоохон төлөөлөгч бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн аж. Зава гэдэг нь түүний цол хэргэм нь үндсэн гэсэн утгатай түвд гаралтай үг юм байна. Түүний амьдрал, түүхийн талаар судалсан Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын бурхны шашны их сургуулийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Сонинбаярын өгүүллийг дор нийтэлж байна. Дэлгэрцогт сумын нутаг дахь Чойрын хийдэд Зава Дамдины шавь болох 20-иод лам одоогоор шавилан сууж ном айлтгадаг байна. Тэд энэ сарын 30-31-нд багшийнхаа ойд зориулан сүсэгтэн олныг хамруулсан их даллага хурж, мөн түүний хөшөөг залах ёслол зохион байгуулахаар болжээ. Үүний дараа буюу ирэх сарын 2-нд Улсын төв номын санд олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохионо. Үүнд Орос, Хятад, Канад, Австрали, Энэтхэг зэрэг орны эрдэмтэд болон манай шашны сургуулийн багш, хийдийн лам хуврагууд Зава Дамдины талаарх судалгаа шинжилгээний асуудлаар сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцэх аж. Мөн хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эрдэмтэн, академич Ш.Бира, профессор Л.Хүрэлбаатар болон Улсын төв номын сангийн захирал, судлаач орчуулагч, сэтгүүлч Г.Аким нар энэ хуралд оролцох бөгөөд Түвдээс лам нар ирэхээр болжээ.

1. Унасан газар угаасан ус

Заваа Дамдин Түшээт хан аймгийн үйзэн гүний хошууны (Дайчин бэйсийн хошуу) Ахай сумын нутаг Дарцагтын Эмээлийн Цагаан хадны бууцанд эцэг Шагдар, эх Содномпил нарын гэрт мэндэлжээ. Одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг юм. Машид гарсан хэмээгч XҮ жарны Гал туулай жилийн цагаан сарын шинийн гуравны өлзий учрал бүрдсэн сайн өдөр мэндэлсэн байна. Энэ нь нийтийн тооллын 1867 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр тохиожээ. Дайчин бэйсийн хошууны сүүлчийн ноён Мөнх-Очирын үед Зава Дамдин амьдарч байсан юм. Зава Дамдин төрсөн нутгийнхаа уул Дарцагтын сан тахилгыг түвд хэлээр зохиож бичжээ. Зава Дамдины эцгийн ах лам Лувсанжинба нь Цахиуртын жасын хурлын гэсгүй байв. Зава Дамдины эх нь одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэр сумын гаралтай байна.

2. Шавийн эрдэм багшаас, Зулын гэрэл тосноос

Дайчин бэйсийн хошууны Хорины хамба лам гэж алдаршсан Лувсанбалдансанжаажав нь Зава Дамдиныг хүүхэд байхад сан тавьж угаасан бөгөөд түвд цагаан толгойн үсэг заасан анхных нь багш юм. Энэ Лувсанбалдансанжаажав Түвдийн XII далай лам Пэрэнлэйжамцын үед Түвдийн Балдан брайбүн хийдэд очиж Буддын гүн ухаан судлаад Равжамба мяндаг хүртэж байв. Түвдийн Үйзангийн олон нандин газруудад эргэл мөргөл хийж Энэтхэгийн Доржданд хүрч бурхан багшийн гэгээрлийн хутаг олсон газар Жадамбыг айлдсан гэж шавь нар нь ярьцгааж байсан. Хожим нь Зава Дамдин гуай өөрийнхөө ачит багш Лувсанбалдансанжаажавын намтар солдивыг зохиосон юм.

3. Тойн хувраг болсон нь

Зава Дамдин долоон насандаа өөрийн хошуу нутгийн Цахиуртын жаст сууж лам хувраг болжээ. Цахиуртын жасын гэсгүй ах лам Лувсанжинбаар уншлага заалгуулсны дээр ловон багш Лувсанбалдансанжаажаар түвд хэл бичиг заалгуулж Их хүрээний уншлагын аймгийн номуудыг бүрэн цээжилсэн байна. Анхлан шавилан сууж лам болсон хийд Цахиуртын жас нь Дайчин бэйсийн хошууны Эрдэнэ-Ахай сумын нутагт Халх-Өөлдийн дайн самууны үед өндөр гэгээний ар гэр, ахан дүүс, хүрээ хийд нь Бага газрын чулууны орчим нүүж суурьшиж байсан түүхтэй. Тэр үед өндөр гэгээний авай ээж Цахиуртын жасыг үндэслэн байгуулсан юм. Өндөр Гэгээний түүхтэй салшгүй холбоотой Авай ээжийн жас, Далай ээжийн жас Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Адаацаг сум, Төв аймгийн Баянбараат сумдын нутагт байна. Авай ээжийн жас буюу Цахиуртын жасын түвд нэр нь Дорждамба гэдэг байв. Зава Дамдин гуай анх лам болж хуралд хурсан газар гэж хожим хойноо Цахиуртын жас дээр олон дахин морилж байсан байна.

4. Их хүрээнд ном үзсэн нь

Өөрийн багш Лувсанбалдансанжаажавын зөвлөсний дагуу Их хүрээний гүн ухааны ном судалдаг гол сургуулийн нэг Гунгаачойлин дацанд шавилан суусан юм. Их хүрээний Тойсамлингийн аймагт сууж Гунгаачойлин дацанд цанид чойрын гүн ухааны ном судалсан. Их хүрээний хувилгааны аймгийн цорж Жигжидээр учир шалтгааны ухааны үндэс болсон Дүйрааг заалгасан байна. Их хүрээнд байхдаа гавж Лувсандаш, гавж Балдандорж нараар учир шалтгааны ухаан, билиг барамидийн гүн ухааныг хөтлүүлэн заалгажээ. Амдо нарын аймгийн Агваанринчин, Эрхэмийн аймгийн аграмба Минжүүрдорж, Боржигон Жамц, Жаддүвдандар аграмба нарын зэрэг их хүрээний алдартай номын мэргэдээр гүн ухааны номыг хөтлүүлэн заалгаж суралцсан байна. 1905 онд их хүрээний Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж болсон байна. 1904 оны луу жил XIII Далай лам Түвдэнжамц их хүрээнд морилоход бараалхаж номын абшиг хүртсэн юм. Гавж болсны дараа Их хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж сургаж байв.

5. Ном зохиол туурвисан нь

Зава Дамдин гавж Төвд хэлээр 17 боть ном зохиосон юм. Түүний зохиолуудын дотор учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааны зохиолууд байна. Зава Дамдин гуай “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиолоо бичихийн өмнө бэлтгэл болгож хураангуйлсан “Номын лавай мишээсний дуун эгшиг” хэмээх үндэс зохиолоо туурвижээ. Энэхүү үндэс зохиолдоо тулгуурлан “Хорчойнжун” зохиолоо 1931 онд бичиж дуусгасан байна. Энэхүү “Хорчойнжун” номыг гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг юм. Түүний зохиолуудын нэг болох “Их нигүүлсэхүйн магтаал” гэдэг номыг XIҮ Далай лам үзэж, болгоон таалж сайшааж байжээ.

6. Дэлгэрийн Чойрыг байгуулсан нь

Дайчин бэйсийн хошууны гол хийд болох Их жасын чойрын дацангийн лам нар салж нүүн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Хөшөөн тал, Сэнжит халтарын ууланд түр суурьшиж байсныг Зава Дамдин гавж 1918 онд Дэлгэрцогт уулын энгэрт газар сонгож нүүлгэн шинээр цогцлоон байгуулсан юм. Орон нутагтаа Дэлгэрийн чойр гэж алдаршсан Дашчойжирлон хийдийг ҮIII Богд Живзундамбад айлтгасан Чойеинодсэллин гэдэг нэр хайрлаж мөрдөж явах жаяг зохиож өгсөн байдаг. Зава Дамдин гавжийн төрөлх нутагтаа үндэслэн байгуулсан Дэлгэрийн чойрын хийд 1937 он хүртэл 20 шахам жилийн дотор өргөжин тэлж буддын гүн ухаан судалдаг цанид чойрын дацан, тарнийн гүн ухааны онолыг судалдаг жүд дацан, зурхайн гүн ухааныг судалдаг зурхайн дацан зэрэг олон эрдэм ухааны чиглэлээр сургалт явуулдаг дацангууд бүхий томоохон хийд болтлоо хөгжсөн байна.

7. Судар бичгийн хүрээлэнд ажилласан нь

Богд Хаант Монгол Улсын үед Монголын түүх бичиг зохиох эрдэмтдийн дунд Зава Дамдин гавж уригдан ирж ажиллаж байв. 1921 онд үндэс суурь нь тавигдсан Судар бичгийн хүрээлэнд Зава Дамдин гавжийг урьжээ. 1924 онд Судар бичгийн хүрээлэнд сул гишүүнээр Зава Дамдиныг сонгож байсан байна. Тэр үеийн Судар бичгийн хүрээлэнг толгойлж байсан Онходын Жамъян гүн, Сэцэн ханы Бат-Очир бичээч, Сутай уулын Мишиг абугай нарын зэрэг олон эрдэмтэдтэй хамт ажиллаж байв. 1924 онд Бүгд Найрамдах улс байгуулж Үндсэн хууль батлах үед Зава Дамдин гавжийг урилгаар оролцуулж байж. Монгол Улсын төрийн сүлд, далбааг хэлэлцэж батлахад Зава Дамдин гавжийн саналыг үндэслэж төрийн туг, сүлдэнд Алтан соёмбо үсэг оруулсан юм гэдгийг надад Мянгадын гэвш Сандаг гуай хуучилж байсан.

8. Гадаад, дотоодын эрдэмтэдтэй харилцаж байсан нь

Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар гуайтай Судар бичгийн хүрээлэнд байхдаа танилцаж А.Амар гуай хүндэтгэн биширч шавь орсон байдаг. А.Амар сайд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байхдаа өөрийнхөө жасааг Зава Дамдин зэрэг лам нараар уншуулдаг байсан тухай Даяанч багш дурсдаг байв. Оросын монголч эрдэмтэн Владимирцов эрдэм шинжилгээ судалгааны ажлаар 1920-иод оны үед хүрээнд ирж Цэвээнжамсранов зэрэг Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзах үед Зава Дамдин гавжтай танилцсан байна. Оросын дорно дахин судлаач, гүн ухаантан Шербатскотой Зава Дамдин гавж судар ном солилцдог өргөн харилцаатай байсан бөгөөд Шербатскотойн шавь Тубянский Судар бичгийн хүрээлэнд 1930-аад оны үед ажиллаж байхдаа Зава Дамдин гавжтай дотно харилцаа тогтоон “Севервений Монголия” сэтгүүлд Зава Дамдины түүхийн зохиолуудын талаар судалгааны өгүүлэл хэвлүүлсэн юм. 1920-иод оны үед Түвдээс ирсэн Дарма Лочинлхаарамбатай танилцаж ном эрдмийн харилцаатай байв. Буриадын Агваан лхаарамбатай ном эрдмийн нягт холбоотой байсан бөгөөд Зава Дамдины түүхийн зохиол “Хорчойнжун” номонд гарч байгаа зарим зүйлийг тодруулж асуусан баримт байдаг. Зава Дамдин гавж Да хүрээнд сууж байхдаа хүрээний гавж аграмба нарт дуун ухаан гэж алдаршсан эртний Энэтхэгийн санскрит хэлний зүй зааж байжээ.

9. Таалал төгссөн нь

Зава Дамдин гавжийн бие лагшин 1936 оны үеэс чилээрхсэн юм. Энэ үедээ Да хүрээнд байсан Дайфу хэмээх хятад эмнэлэгт биеэ үзүүлж сувилуулдаг байв. Нэг удаа Гандан хүрээнд Майдар эргэж байгааг дуулаад бараа бологч нартаа хэлж би энэ удаагийн Майдарт мөргөх ёстой юм шүү гэж. Их хүрээний Майдар уламжлалаараа эргэж байх үед Зава Дамдин гавж тосон хадаг өргөн дөхөж ойртоход Хүрээ Майдар түр зогсож Зава Дамдин гуай Майдар бурханд мөргөж “Донба лана” уншин адис авсны дараа Майдар эргэж явсныг түүний шавь нар дурсан ярьцгаадаг. Мөн өөрийн дотны бараа бологч шавь нартаа ярихдаа Сүнгийн анги лам бид хоёр Майдарын оронд төрөх ерөөлийг их тавьсан, би удахгүй явах цаг болсон гэж байв. Шадар бараа бологч нартаа гэрээслэн захисан нэг үг байдаг юм. Намайг өнгөрсний дараа миний цогцсыг миний байгуулсан хийд Дэлгэрийн чойрын баруухантай байдаг Цамын-Ус гэдэг газар би залуу цагтаа тэнд дөрвөн хүнийг гэлэн болгосон юмсан, тэнд тавьж хайлна бизд ээ гэж айлджээ. Гэрээс ёсоор тэмээ тэргэнд шарилыг нь ачаад шавь нар нь авч явсан үед Дотоод яамнаас баривчлахаар ирсэн байдаг.

10. Зава Дамдины байгуулсан Дэлгэрийн Чойр дахин сэргэсэн нь

1990 оны эхээр хуучин Дэлгэрийн чойр дээр хэсэг лам хуврагууд Чойрын суурин дээр хурлаа дахин сэргээн гаргасан юм. Энэ өвгөчүүлийн дотор уран Гэнпил, уран Мятав нар голлон хөөцөлдөж хурлаа сэргээсэн байдаг. Зава Дамдин гавжийн өргөө гэр, ном судар, бусад зүйлсийг Гэнпил уул хаданд нууж байснаа хуралдаа гаргаж тавьсан байна. 1990 оны эхээр хөдөө орон нутагт хурал ном дахин сэргэх үед хамгийн анх Дэлгэрийн чойрт Майдар эргэсэн юм. Одоо Зава Дамдин гуай зарлиг номыг сонсож явсан настай хоёр, гуравхан хүний нэг Дэлгэрцогт сумын иргэн, эдүгээ 90 гаран насыг зооглож яваа Дагвадорж гуай юм.

11. Зава Дамдины зохиол бүтээлийн судалгаа

Монголын түүхий сурвалж бичгүүдийн дотор нэлээд алдартай түүхийн ном “Хорчойнжун” судрыг 1940, 1950-иад оны үед түвдэч Ишсамбуу, гавж Цэвэгийн Дорж нар монгол хэлнээ орчуулсан байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира гуай Зава Дамдины “Хорчойнжун” судрыг шинжлэх ухааны үүднээс судалж 1960-аад оны эхээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. Энэ бол Монголын эрдэмтдийн дотроос Зава Дамдины “Хорчойнжун” зохиолыг судалсан анхны тохиолдол. Орос хэлнээ Зава Дамдины “Алтан дэвтэр” хэмээх номыг 1960 оны эхээр хэвлүүлжээ. 1990-ээд оны эхээр сэтгүүлч До.Чулуунбаатар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дэлгэрийн чойрын суурин дээр очин Гэнпил гуайгаас ярилцлага авч Монгол телевизээр нэвтрүүлж байсан. 1996 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул М.Бум-Аюуш, Л.Мөнх-Очир, Н.Даариймаа, Адаацаг сумын уугуул Х.Нямбуу, Дорнодын Матад сумын Г.Аким нарын хамт мөхөс миний бие “Зава Дамдин сан”-г байгуулж 1997 онд Дундговьд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглүүлж байв. Энэ ойд зориулж миний бие Зава Дамдины намтрыг түвд хэлнээс орчуулж гаргасан.

12. Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ой

Ой угтсан ажлын хүрээнд 1996 онд Зава Дамдины номын мөрөөр тойрон аяллыг “Зава Дамдин сан”-гаас зохион байгуулж Дундговиор явсан. “Зава Дамдин сан”-гаас зохион байгуулж их номт эрдэмтний ой болохтой холбогдуулан Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. 1996 оны хавар Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийлгэсэн юм. Энэ хуралд ШУА-ийн удирдлагуудаас доктор, профессор Норовсамбуу, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас тус улсад суугаа Элчин сайд Бакула ринбочи, МУИС-ийн багш төрийн шагналт С.Чоймоо, ШДС-ийн багш нар болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон юм. Энэ хурлын илтгэлүүдийг Гандантэгчэнлэн хийдийн сэтгүүл “Лавай-эгшиг”-т гаргасан. 1997 оны 8 сарын эхээр Дундговь аймгийн төвд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.

13. Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ой

Монголын гүн ухаантан нэрт түүхч Зава Дамдины түмэн өлзий гийсний 140 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг саяхан Дундговь аймгийн ИТХ гаргасан. Цаг хугацаа гэгч амархан өнгөрдөг юм байна. Энэ удаагийн 140 жилийн ойг ном эрдмийн талыг голлон Монгол Улсын анхны академич байсны хувьд ШУА анхааран дэмжиж Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал хийлгэж олон эрдэмтдийг оролцуулах буй за. Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны шашны их сургуулийн багш лам хуврагууд зүй ёсоор оролцсон. Зава Дамдины талаар судалгаа хийсэн олон эрдэмтдийн зохиол бүтээлийг нэгтгэсэн “Зава Дамдин” гэсэн ном гаргаж нийтийн хүртээл болгон номын баяр хийх саналтай байна. Ирээдүйд их эрдэмтний мэндэсний 250 жилийн ойг тэмдэглэх үед Дэлхий анхаарч олон улсын байгууллага ЮНЕСКО-гоор тэмдэглүүлэхийн ерөөлийг талбин залбиръя.

Доголон Төмөр хаан [1336-1405]

Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.
Доголон Төмөрийн олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж төдсөнгүй ханы хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр үед барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан түүний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хүйс тэмтрүүлжээ.

Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бүрдсэн Тогтох хан, түүний хүү И. Хожи нартай дайтаж төдсөнгүй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ.

Энэ үеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү И. Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ.

1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТөмөр хүлээн зөвшөөрсөнгүй, цэргийн хүчээ Монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Төмөр чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ” Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал.” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.

Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй.

Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хүнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сүх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна, торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хүнд морин цэрэг дайн байлдааны үед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зүйлсээ ачиж явдаг байна. Түүнээс гадна отолт, бүслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бүхий тус бүр нь гучин сум бүхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нүд гялбахгүй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ. Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, ” Арав дахь дайралт ялалт авчирна.” гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргүүцэл үзүүлсэн дайсны цэргүүдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй, удсангүй бууж өгчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Өргөмч хотынх нь бүх оршин суугчийг хүйс тэмтэрчээ. Энэ үед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж түймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рүү морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бүр зэвсгийн хүчээр дарж хот, сууринг нь түймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хүйс тэмтэрч байжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчүүд ялагдашгүй гэж үзэж байсан Мератх хот- цайзыг бүсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бүх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж деличүүд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж байлаа.

Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо ( өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирүүд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мөн л үнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдүгээр сарын 25- нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг мөн цааш харуулжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдүгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангүй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бүслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг туркийн талын хөлсний крымийн татар, серб болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ. Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гүрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.

Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад

Эзэн богд Чингис хааныг оруулаад нийт 37 хаан Монгол гүрний төрийг барьснаас зарим нь маш богино хугацаанд “хаан ор” залгаж, нилээд нь бусдын гарт амиа алдаж байжээ. Тэдний зарим нь төрд гай тарьж, түүхнээ хараар тэмдэглэгдэн хоцорсон байна.

Чингис хаан

1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

Өгөөдэй хаан

1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

Гүег хаан

1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал тєгсчээ. 1246 оны улаан морин жил хаан ор суужээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм.

Мөнх хаан

1208 оны шар луу жил төрж 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.

Хубилай хаан

1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

Өлзийтөмөр хаан

1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.

Хайсан хүлэг хаан

1281 оны могой жил төрж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.

Аюурбарбад буянт хаан

1285 оны хөхөгчин тахиа жил төрж 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.

Шадбал гэгээн хаан

1303 оны хөхөгчин туулай жил төрж 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.

Есөнтөмөр хаан

1276 оны харагчин могой жил төрж 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.

Ашидхэв хаан

1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.

Хүслэн хаан

1300 оны цагаан хулгана жил төрж 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.

Төв (төгс) төмөр хаан

1304 оны хөх луу жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.

Ринчинбал хаан

1325 оны улаан бар жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.

Тогоонтөмөр хаан

1320 оны цагаан бичин жил төрж 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.

Аюуширдэр билэгт хаан

1338 оны шар барс жил төрж 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.

Төгстөмөр хаан

1342 оны хар морин жил төрж 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.

Энхзоригт хаан

1359 оны шаргачин гахай жил төрж 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.

Элбэг нигүүлсэгч хаан

1361 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.

Гүнтөмөр хаан

1377 оны улаагчин могой жил төрж 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.

Үгчхашхаа хаан

Энэ хүний намтар тодорхойгvй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.

Өлзийтөмөр хаан

1378 оны шар морин жил төрж 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.

Дэлбэг хаан

1395 оны хөхөгчин гахай жил төрж 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

Адай хаан

1400 оны цагаан луу жил төрж 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.

Тайсун хаан

Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж 1452 оны хар бичин жил таалал төгсчээ 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.

Агваржин жонон хаан

1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.

Эсэнтайш хаан

1407 оны улаагчин гахай жил төрж 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх монголын хаан болсон юм.

Маркус Үхэгт хаан

1446 оны улаан барс жил төрж 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайун хааны 2-р хүү юм.

Молон хаан

1437 оны улаагчин могой жил төрж 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.

Мандуул хаан

1426 оны улаан морин жил төрж 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.

Батмөнх даян хаан

1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

Барсболд хаан (Сайналаг хаан)

1488 оны шар бичин жил төрж 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.

Бодь-Алаг хаан

1505 оны хөхөгчин үхэр жил төрж 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.

Дарайсунгүдэн хаан

1520 оны цагаан луу жил төрж 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.

Түмэнзасагт хаан

1539 оны шарагчин гахай жил төрж 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.

Буянцэцэн хаан

1555 оны хөхөгчин туулай жил төрж 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.

Лигдэн хутагт хаан

1592 оны хар луу жил төрж 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм

Чингис хаан [1162-1227]

Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны улаан барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингэс хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингэс хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулсан.Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингэс хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингэсийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингэс хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны дүү Хубилай 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.